Жо Байден дипломат нүүдлээ цөмийн гэрээгээр эхлүүллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын төрийн тэргүүн Ж.Байден нар утсаар ярьжээ. Энэ нь Жозеф Байден засгийн эрхэнд гарснаас хойш цөмийн зэвсэгтэй хоёр их гүрний удирдагчдын анхны утасны яриа байлаа. Тиймээс ажиглагчид ярианы өнгө аяс, агуулгыг сонирхож байгаа ч Цагаан ордон болон Кремлийн хэвлэлийн алба дэлгэрэнгүй мэдээлэл тараалгүй нууцалжээ. Тэдний яриаг дэлхийн хэвлэлүүд онцолж дараах таамаглалыг дэвшүүлж байна. АНУ-ын хэвлэлүүд Жо Байден, ОХУ-тай зарчимч хандахаа В.Путинд мэдэгдсэн гэж таамаглаж байна. Тэрбээр Оростой холбоотой бүх асуудлыг захиргаандаа хянан шалгахыг тушаасан бөгөөд шинэ хориг арга хэмжээ авч магадгүй юм. Гэхдээ Байден цөмийн гэрээний талаарх анхны дипломат нүүдлээ хийж, В.Путинтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ ил тод харууллаа. Байден утсаар ярихаас өмнө Засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай ярилцжээ. Ерөнхийлөгч асан Дональд Трамп В.Путинтэй ямар ч бэлтгэлгүй утсаар ярьдаг байсан бөгөөд зөвлөхүүдийнхээ зөвлөмжийг үл тоомсорлосон удаатай.

 

CNN АГЕНТЛАГ:

Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын төрийн тэргүүнтэй утсаар ярихдаа цахим халдлагаас эхлээд тус улсын сөрөг хүчний зүтгэлтнийг хордуулсан асуудлыг нээлттэй хөндсөн болов уу. Өмнө нь тэрбээр Навальныйг “Путины гөлөг” гэж нэрлэж байсан юм. В.Путин Байденд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд баяр хүргэсэн хамгийн сүүлчийн удирдагч байсныг онцлох хэрэгтэй. Байден дэд Ерөнхийлөгч байхдаа Москвад айлчилж, В.Путинтэй нүүр тулан уулзаж байжээ. Нэмж дурдахад, Байден НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй Европ дахь ОХУ-ын түрэмгийллээс хамгаалах батлан хамгаалах хүчний үүрэг ролийг ярилцжээ. Мөн Франц, Герман, Их Британийн удирдагчидтай утсаар ярихдаа ОХУ-ыг онцолсон байна.

 

“НЬЮ-ЙОРК ТАЙМС” СОНИН:

 

Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр улсын хооронд байгуулсан цөмийн зэвсгийн СТАРТ гэрээг сунгалаа. Гэрээ ирэх сарын 5-нд дуусгавар болно. Үүний зэрэгцээ Кремлийн удирдагчтай АНУ-ын Засгийн газрын агентлаг, хувийн компаниудын компьютерийн сүлжээг хакердсан асуудлаар ярилцсан гэж албаны хүн уламжилсан. Байден сонгуульд ялсныхаа дараа ОХУ компьютерийн сүлжээг хакердсаныхаа төлөө “нөхөн төлбөр төлөх болно” гэж амласан. АНУ-ын тагнуулын байгууллагуудын мэдээлснээр В.Путин 2020 Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг дэмжиж байжээ. Цагаан ордон, Кремлийн мэдэгдлээс үзвэл тэдний хооронд найрсаг яриа өрнөсөн бололтой.

 

“NEWSWEEK” АГЕНТЛАГ:

 

Жо Байден АНУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болсныхоо дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилаа. Байден өмнөх мэдэгдлүүддээ Путиний Засгийн газрыг шүүмжилж байсан. Тэрбээр СТАРТ гэрээг сунгах нь чухал гэдгийг В.Путинд тайлбарласан гэж Цагаан ордны албаны хүн хэлсэн.

 

“ASSOCIATED PRESS” АГЕНТЛАГ:

 

Дональд Трампын үед Путинтэй байгуулсан тохиролцоог Жо Байдены засаг захиргаа үндсээр нь өөрчлөх хүсэлтэй байгаа. Шинэ Ерөнхийлөгч Оросын удирдагчтай Старт гэрээг сунгах тохиролцоонд хүрч дипломат салбарт ялалт байгууллаа. Байден Иран, Хятадын талаар удахгүй гарах шийдвэрүүдийг харгалзан ОХУ-тай шууд сөргөлдөхийг хүсэхгүй байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Жо Байден, В.Путинтэй Москвагийн хүсэлтээр утсаар ярьжээ.

Их Британийн хэвлэлүүд Байден ОХУ, АНУ-ын харилцаанд шинэ өнгө аяс тогтоохыг эрмэлзэж байгаа гэсэн таамаглал дэвшүүлжээ.

 

“FINANCIAL TIMES” СОНИН:

 

Хоёр улсын цөмийн цэнэгт хошууны тоог хязгаарласан гэрээг шинэчлэн батлах нь Жо Байдены засаг захиргаа Владимир Путинтай хамтран ажиллах чадварыг харуулсан чухал шалгуур болно. Байден албан тушаалаа авснаас хойш Алексей Навальныйг хордуулсан хэрэг, Оросын кибер тагнуулын алба сонгуульд хөндлөнгөөс оролцсон та-лаар байр сууриа илэрхийлсэн юм.

 

BBC АГЕНТЛАГ:

 

Жо Байден 2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон хэмээн В.Путинтэй хариуцлага тооцохоо мэдэгдэж байсан. Түүний гадаад бодлогын баг хүний эрх, Путиний Европ дахь зорилгын талаар хатуу байр суурь баримтлахаа зарласан. Гэхдээ тэд сөргөлдөөнөөс зайлсхийж, харилцаа холбоогоо сэргээхээр тохиролцсон бололтой.

 

ФРАНЦЫН “LE FIGARO” СОНИН:

 

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден зэвсэг хураах асуудлаар зарчмын тохиролцоо хийж, өрсөлдөгч хоёр гүрний хоорондын харилцааг хэвийн болгохыг уриалж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа энэ байр сууриа тууштай баримтлахаа илэрхийлсэн байх. Цагаан ордны шинэ засаг захиргаа СТАРТ гэрээг таван жилийн хугацаатай сунгах хүсэлт тавьсан нь амжилтад хүрчээ.

 

ИТАЛИЙН “LA REPUBBLICA” СОНИН:

 

Жо Байден Владимир Путинтэй зөрчилдөөнтэй асуудлаа энхийн замаар шийдвэрлэх хүсэлтээ илэрхийлсэн. Мөн Кремлийн эзнээс стратегийг бодлогоо эргэн харахыг хүссэн байх. Байден гэнэн биш. Вашингтон, Москвагийн стратегийн ашиг сонирхол эрс зөрж байгаа нь харилцааг дахин эхлүүлэх шалтгаан болсон. Гэхдээ Байден үндсэн маргаантай сэдвүүд дээр буулт хийхгүй.

 

ЯПОНЫ “НИККЕЙ ШИМБУН” СОНИН:

 

АНУ-ын Ерөнхийлөгч асан Трампын засаг захиргаа ОХУ-ын хооронд байгуулсан гэрээг шинэчлэхээ Байден мэдэгдсэн. Жо Байден, В.Путин нар цөмийн зэвсгийг бууруулах гэрээг таван жилээр сунгажээ. Цөмийн зэвсэггүй дэлхийг цогцлоох Байдены мөрөөдөл Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаанаас улбаатай. Тиймээс Вашингтон БНХАУ-ыг энэхүү гэрээнд нэгдэхийг уриалсан ч Бээжин хариу өгөөгүй байна.

 

ХЯТАДЫН “СИНЬХУА” АГЕНТЛАГ:

 

Зэвсгийн хяналтын талаар ОХУ, АНУ-ын нийтлэг байр суурь баримталдаг. Гэхдээ Сири, Украин, кибер аюулгүй байдал, дотоодын улс төрд хөндлөнгөөс оролцсон зэрэг асуудлаас болж Вашингтон, Москва харилцаа хурцадсан.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (91.20.63.66)

    2021-05-05

    Энэ Байден ч гэсэн олигтой ерөнхийлөгч биш дэгээ.