Д.Амгалан: Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай

“Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай ярилцлаа.


-Эдийн засагч хүний хувьд өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эдийн засгийн хямрал, цар тахлын нөхцөл байдал хавсарч манай улсын эдийн засагт хүндрэл учруулаад байна. Дээрээс нь экспортын нөхцөл байдал тааламжгүй болж ирж байна. Импортын бараа бүтээгдэхүүн тодорхой хүрээнд хязгаарлагдмал болж ирсэн. Бусад улс оронд ч цар тахал үүссэнтэй холбоотойгоор эдийн засгийн хүндрэл үүсч байна. Цар тахлын асуудалд эдийн засгийн шийдлүүд шиг арга механизм хэрэглээд шууд тогтворжуулчихдаггүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж, энэ нь эдийн засагт аюул авчирч байна. Хорио цээртэй холбоотойгоор өдөр ирэх тусам л эдийн засаг агшиж байна.

Манай эдийн засаг хэврэг, бид импортоос хамааралтай, орж ирсэн орлогоо тухайн жилдээ алдагдалтай зарцуулаад дуусчихдаг. Тиймдээ ч хуримтлалгүй улс, айл өрхөд энэ хорио цээрийн дэглэм маш хүнд тусаад байгаа юм. Аж ахуйн нэгж, айл өрхүүдийн амьдрал улам л зогсонги байдал руу орж эхэлж байна. Энэ байдлаас гаргах шийдлүүдийг хараад байхад цаг үе, нөхцөл байдлаа мэдэрсэн, хөрөнгө санхүүгээ зөв оновчтой хуваарилсан шийдвэрүүд үнэндээ харагдахгүй байна. Хорио цээр нь тахлаа хумих бус эдийн засгаа улам л унагахад хүргэж байгаа. Ядуурлын хэмжээ 30-аад хувьтай байсан бол өнөөдөр 50 гаруй хувь болж өссөн. Нийт хүн амын 50 хувь нь өнөөдөр хоногийн хоолоо яая даа гэж байна гэсэн үг. Энэ байдлаараа иргэд утга учиргүй, тооцоололгүй хорио цээрийг давахад үнэндээ бэрх.

-Одоо тэгэхээр яах хэрэгтэй гэсэн үг вэ?

-Төр засгийн зүгээс шийдвэртэй бодлого л хэрэгтэй байна. Цар тахалтай зэрэгцээд хэтэрхий улстөржөөд байна уу гэсэн зүйл л ажиглагдаж байгаа.

-Хөл хориог суллавал эдийн засаг сэргэчих нь гээд байгаа.

-Хөл хориог цуцалснаар эдийн засаг сайжирна гэсэн буруу ойлголтыг их түгээж байгаа. Богино, дунд, урт хугацааны тодорхой хэмжээ авах хэрэгтэй. Орлогогүй, хоол хүнсгүй болсон иргэдээ, ажлын байраа алдаад байгаа хувийн секторуудаа яаж хамгаалах вэ гэдэг дээрээ анхаарах ёстой. Энэ бүхэнд тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардлагатай. Бидэнд боломж бий.

-Энэ оны төсвийг дотоодод цар тахал алдагдахаас өмнө баталсан. Энэ ч утгаараа цар тахлын нөхцөл байдалд чиглэсэн төсөв болж чадаагүй. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал ийм хүнд байдалд орчихсон юм чинь төсвөө тодотгочихож болдоггүй юм уу?

-Би төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, шинжлэх ухаанч байдлаасаа төсөв зохиох төлөвлөлт, хэлэлцүүлэг, батлах горим зэрэгт ямар агуулга байх ёстой яг түүгээрээ байсангүй. Хэтэрхий улстөржсөн төсөв зохиосон. Манай улсын төсөв сүүлийн жилүүдэд хэт өндөр өртөг шингэсэн концесс, эрэмбэлэгдээгүй төсвийн хөрөнгө оруулалт, эрх мэдлийн шагнал болсон төсвийн гадуурх сан, ашиггүй төрийн өмчит компанийг санхүүжүүлэх хэрэгсэл болсон. 2021 оны төсөв ч ийм байсан. Үндсэн чиг үүрэг алдагдсан. Тухайлбал, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг эрэмбэлэх ёстой байтал хэтэрхий үрэлгэн төсвийг баталсан. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг мэдэрч болохуйц хэмжээнд байсан шүү дээ.

Цар тахал бидэнд дохио өгчихсөн байсан. Тийм байхад л тайван цагт зориулсан төсөв болсон. 2020 оныхоо төсвийг тэр чигт нь хуулбарлаж, ард олныхоо амьдралд, ажлын байрыг дэмжихэд дэм болох бус ашиггүй барилга байшинд зориулсан л төсөв болсон. Эдийн засгийн шийдэлд бус тодорхой эрх ямба, албан тушаалтанд зориулагдсан төсөв болсон гэсэн үг. Төсөв батлахдаа хөгжлийн бодлого, эрх зүйн шугамаа барих ёстой байсан ч чадаагүй.

Хоёрдугаарт, төсөв батлахдаа эдийн засгийн гадаад, дотоод шок, түүний одоо ба ирээдүйн төлөвийг судалж түүнд үндэслэх ёстой. Гадаад өр, цар тахлаас үүдсэн эдийн засгийн агшилт зэргийг харгалзан үзэж байж төсвөө хийх ёстой байлаа.

Гуравдугаарт, нийгэм эдийн засгийн харилцаан дахь асуудлыг эрэмбэлээгүй. Соёлын төвийн байшин, барилга хөшөө дурсгал зэрэг нь тулгамдсан хэрэгцээтэй зүйл биш шүү дээ. Эрэмбэлээд үзвэл 10, 20 дугаарт очих байх. Хэрэгцээт бус зүйлийг улс төрийн ашиг сонирхол, амлалтдаа үндэслээд нэгдүгээрт зүтгүүлж байгаа нь төсвийн болж бүтэхгүй зүйлийн нэг юм. Үүнийг анхаарах ёстой байсан. Дөрөвдүгээрт, төсвийг үр ашигтай орлого олох зүйлд чиглүүлэх ёстой байдаг. Бусад улс орны жишиг ч ийм байдаг. Төсөвт дэм болох үндэсний болоод экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого барих хэрэгтэй.

Энэ нь дунд, урт хугацаандаа эргээд төсвөө тэтгэх хэрэгсэл болдог. Дээрээс нь Засгийн газар, Монголбанк хоорондын мөнгө санхүүгийн бодлогын уялдаа, залгамж байдал байхгүй. Өр, ханш, үнийн өсөлт зэргээ тооцоололгүйгээр төсөв хийгээд байна л даа.

-Төсөвт тодотгол хийх өөр ямар шалтгаан байна вэ?

-Монгол Улсын өрийн хэмжээ хэрээс хэтэрсэн. Монгол Улсын өр 2010 онд л гэхэд 5.9 тэрбум ам.доллар байсан. 2015 онд 21.8 тэрбум ам.доллар болсон. 2019 онд 29.8 тэрбум ам.доллар хүрсэн бол өнөөдөр 30 тэрбум ам.долларыг давчихсан явж байна. Өрийн асуудал бидэнд маш хүнд нөхцөл байдлыг үүсгэж байна. Сүүлийн жилүүдэд бондын өрийг дарлаа л гээд байгаа. Үнэндээ өрийг зээлээр л хааж байгаа үзэгдэл юм. Жишээ нь, Хөгжлийн банкны бондыг Хуралдай, Чингис, Димсам бондуудыг Гэрэгэ, Мазаалай бондыг Номад бондоор тус тус хаасан. Энэ бол өр төлөлт биш. Өрийг хааж байгаа л асуудал. Бид 2022 онд л гэхэд Чингис бондын нэг тэрбум ам.долларын, Гэрэгэ бондын 800 сая ам.долларын өрийг төлөх шаардлагатай. Үүн дээр нэмэгдээд жижиг өрүүд ч бий. Бид жижиг байшин барилга, улс төрийн сонгуулийн зорилттой зүйлүүдэд мөнгө өгч байхын оронд энэ өрийг хаах орлого олох зүйлд төсвөө хуваарилж чиглүүлэх хэрэгтэй.

Түүнчлэн цар тахлын үед хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэтэрхий туйлширсан, хааж боосон, эдийн засгаа хэтэрхий хүнд байдал руу түлхсэн байдалтай байна. Өнөөдөр өдрийн хоолоо аргацаах гэж ядаж байгаа олон өрх айл, орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд хэдэн арван мянгаараа байна. Нэгэнт л цар тахал гарч цаг үеийн нөхцөл байдал ийм байгаагаас хойш төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй.

-Тэгвэл төсөвт тодотгол хийхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд яах ёстой вэ?

-Төсөвт тодотгол хийхдээ үйлдвэрлэл эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдээ урт хугацааны бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрээр дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байна. Ийм боломж төсөвт бий. Зээлийн хүүг бууруулах замаар мөнгөний бодлогоороо дамжуулаад хийх боломж бидэнд бий. Бид огт байхгүй боломжгүй зүйлийн талаар яриагүй. Хамгийн гол нь дотоод нөөц боломж нь байгаа учраас цаг алдалгүйгээр хувийн сектороо хамгаалах, ажлын байраа хадгалах тал дээр анхаарах шаардлагатай. Орж ирж байгаа орлогыг улс төрийн хэлбэрээр, үрэлгэн байдлаар зарцуулдгаа одоо болих хэрэгтэй. Нийлүүлэлтээ зөв онилох ёстой. Нийлүүлэлтээрээ дамжуулаад эрэлтээ дэмжих хэрэгцээтэй байна.

Ер нь бусад улс оронд ч аж ахуйн нэгжүүддээ буцалтгүй тусламж үзүүлж байгаа. Бага хүүтэй зээлийн эх үүсвэрүүдээр хангаж байна. Манай улсад энэ тал дээр бодлогын алхмууд огт хийгдээгүй. Энэ чиглэлийн бодлогуудыг хийхгүй бол бидэнд эрэлт талд байсан боломжууд үндсэндээ байхгүй болж байна. Үндсэндээ бараа бүтээгдэхүүний хомсдолтой, үйлдвэрлэл зогсчих ийм үед шууд бэлэн мөнгө тараагаад эхлэх юм бол үнийн хөөрөгдлийг бий болгоно.

Тиймээс үндэсний үйлдвэрлэлээрээ дамжуулж, тэдгээрийг санхүүгийн хямд эх үүсвэрээр дэмжих арга хэлбэрээр эдийн засгаа босгох хэрэгтэй. Энэ бол дунд, урт хугацааны арга хэмжээ. Богино хугацаанд энэ аргыг хэрэглэх гэхээр мөн л боломжгүй болоод эхэлчихлээ шүү дээ.

Аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд ч тэсэхэд хэцүү болж байна. Шийдэл гаргахгүй л бол байдал улам дордож байна шүү.

 

О.Ариунцэцэг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)