“Ард койны өсөлт хөөсрөлт үү, бодит уу”
- 2021-02-24
- Эдийн засаг
- 0
Энэ сарын хөрөнгийн захын мэдээллийг тоймлоход өнгөрсөн оны сүүлч энэ оны эхнээс манай хөрөнгийн зах зээл идэвхитэй хөдөлгөөнд орж Монголын хөрөнгийн биржийн арилжаанд өдөрт 2000-2500 хүн оролцдог болжээ. Тухайлбал, энэ оны эхэнд Хонгконгийн хөрөнгийн биржид “Kuaishou technology” компани IPO хийсэн компанийн хувьцаанд манайхан хөрөнгө оруулж 160 орчим хувийн өсөлт авчирсан талаар өнгөрсөн сарын эхээр шуугиж байв. Түүнчлэн олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон манай дотоодын 20 орчим компани энэ онд 1.2-3.0 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчиддээ тараах болсон нь хөрөнгийн зах зээлд итгэгчдийн итгэлийг сэргээсэн үйл явдал боллоо.
Түүнчлэн хоёр компани хөрөнгөөр баталгаажсан бонд гаргаж амжилттай болсныг дурдах нь зүйтэй байх. Мөн манай улсын гадаад болон дотоод бондуудын өгөөж 10 хүртэлх хувиар өсч байгаа нь банкны хадгаламжийн хүүнээс даруй өндөр байгааг хэлэх нь зүйтэй. Харин энэ сарын сүүлч буюу хатуу хөл хорионы үеээр “Ард санхүүгийн нэгдэл” Хөрөнгө оруулагч үндэстэнээс гаргасан “Ард койны” үнийн өсөлт хөрөнгө оруулагчдыг хошуурласан үйл явдал болсон юм. Энэ сарын 10-наас хойш нэг нэгж койны ханш 95-127 төгрөгт хүрсэн байсан койн энэ сарын 20-ноос эхлэн 200 төгрөгт хүрч улмаар өчигдрийн байдлаар 307 төгрөгт хүрсэн юм.
Койны ханш өсөхийн хэрээр сүүлийн хэдэн өдөрт “ard app”-ын тандалт огцом нэмэгдэж шинээр ард койн авах иргэд болоод арилжаа хийх иргэдийн эрэлтээс шалтгаалан тус апп дахь арилжааны DAX цонх гацах саатах хүндрэл учирсан юм. Тус нэгдэл 2018 онд “Ард кридет” ББСБ-аар дамжуулан Монголын хөрөнгийн биржид IPO гаргаж хувьцаагаа олон нийтэд санал болгож ХК болсон. Тус ондоо таван тэрбум төгрөгийн хүрээнд нэг нэгж койныг 20 төгрөгөөр зах зээлд олборлох байдлаар тараасан гэж болно. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгө оруулсан 20 орчим охин компанийн үйл ажиллагааг дэмжүүлэх зориолгоор ард койныг урамшуулал болгон тараасан. Тухайн үед энэ талаар мэдээлэлд ойр байсан 1500 орчим иргэн тус апп-ыг татаж эдний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг таван байгуулагаар үйлчлүүлсэн гэдэг. Тэр үед нэг нэгж койн 20 төгрөг байсан бол эдүгээ хоёр жилийн дараа ийнхүү 300 төгрөгт хүрч өсөөд байна. Өнгөрсөн оны сүүлд нэг нэгж койн 70 төгрөгтэй тэнцэж байсан нь сүүлийн хоёр жилийн хугацаанд өссөн бодит өсөлт гэж хэлж болно.
Харин энэ оны эхээр ялангуяа иргэд ковидоос болж ажлын байраа алдсан, өрхийн орлого нь буурсан үетэй давхцан хөрөнгийн зах зээлд оролцох идэвхи сэргэсэнтэй холбоотой койны ханш огцом өссөнг нэг талаас хөөсрөлт гэж харах боловч нөгөө талаас тус нэгдэл олон төрлийн урамшуулал зарласантай холбоотойгоор өссөн үү гэсэн таамаг байна.
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн үнэлгээ 30 тэрбумаас 300 тэрбум болжээ
“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн захирал Ардын компаниудын хувьцаа эзэмшигчид одоо 20,000 руу дөхөж байна. Ард Апп суулгасан хүмүүсийн тоо 700,000 давсан бөгөөд компани нэг сая хэрэглэгчтэй болохоор ажиллаж байна Хасын Ганхуяг гэж олонд танигдсан хүн энэ бүх том төслүүдийн ард байгаа гэдэг нь ойлгомжтой.
Тэрээр “Тэнгэр санхүүгийн нэгдлийг байгуулсан шиг дараагийн том Санхүүгийн нэгдлийг байгуулж чадна гэдэгт би итгэдэг. Мөн цөөн хэдэн хүнийг баяжуулах биш баялгийн демократизаци (ардчилал) хийнэ гэдэгт би итгэдэг, дэмждэг. Бид удахгүй банкинд хөрөнгө оруулах гээд бэлтгэл ажлуудаа хийж байгаа. Мөн компаниа гадаадын бирж дээр гаргах ажлыг судалж байгаа.
Манайх шиг санхүүгийн цогц үйлчилгээ цахимаар үзүүлдэг компани Монголын хөрөнгийн бирж дээр байтугай гадаадын бирж дээр байхгүй тул үнэлгээг нь хийхэд их хэцүү байгаа.
Ямартаа ч 2020 оныхтой харьцуулахад ашиг орлогын хувьд өөр компани болсныг тайлбарлах гэж хичээлээ. Хөрөнгө оруулалтын машины арын толинд бүх зүйл тод харагддаг боловч өмнөх зам үргэлж манантай байдаг. Ирэх саруудын үйл явдлууд илүү тодорхой байдал үүсгэнэ гэж найдаж байна” хэмээсэн. Тус нэгдлийн үнэлгээ дөрвөн жилийн өмнө 30 тэрбум байсан бол эдүгээ 300 тэрбум болсон аж.
Хувьцаа, койны хөрөнгө оруулалт бол маш өндөр эрсдэлтэй бөгөөд хөрөнгө оруулагчид бүх мөнгөө ч алдах эрсдэл байдгийг мартаж болохгүй. Ирэх саруудын үйл явдлууд илүү тодорхой болж ард койны ханш хөөсрөлт байсан уу, бодит өсөлт үү гэдэг тодорхой болох биз ээ.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)