Буйр нуурт живсэн хоёр машиныг татаж гаргажээ
- 2021-02-24
- Орон нутаг
- 0
Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт долоо хоногийн зайтай хоёр тээврийн хэрэгсэл нуурын мөсөнд цөмөрч живснийг, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу эрэн хайх, татан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулжээ.
Тодруулбал 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Буйр нуурт зорчиж байсан иргэний эзэмшлийн суудлын автомашин, мөн сарын 31-ний өдөр нэр бүхий иргэний Хьюндай Либеро маркийн автомашин цасан шуурганд төөрч, мөс цөмрөн живсэн байна. Жолооч, зорчигч нар нь автомашинаасаа амжиж гарсан учраас золоор хүний амь нас эрсдээгүй.
Нуурын усыг бохирдохоос сэргийлж эрэн хайх, татан гаргах ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын хошууч Ц.Отгонхүү захирагчтай Эрэн хайх, аврах анги, дэд хурандаа М.Сүхсайхан захирагчтай Халхгол сумын Онцгой байдлын ангийн хамтарсан 11 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай ажиллаж тус 2 автомашиныг татан гаргалаа. Мөн нутгийн иргэд, автомашин эзэмшигчид дэмжин ажилласан байна. Онцгой байдлын шумбагч нуурын 8-9 метрийн гүнд, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд 3 удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлон гарган авчээ.
Аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу татан гаргах үйл ажиллагаатай холбоотой зарим зардлыг дээрх автомашины эзэмшигч нараас гаргуулсан байна.
Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг иргэдэд сэрэмжлүүлэх ажлыг тогтмол хийх,
Нуур, голын мөсөн дээр шөнийн цацруулагчтай сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээг хийж байршуулах,
Сэрэмжлүүлгийг сахин биелүүлээгүй иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтан, сумдын Засаг дарга нарт аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн даалгав.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Цаг агаар дулаарч байгаа энэ үед ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)