“Урагшлах” ХХК мэргэжлийн хяналтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ
- 2021-09-08
- Орон нутаг
- 0
Орхон аймгийн Баян-Өндөр суманд 2017 онд ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын хана цуурч, шал нь суулт өгсөн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр гүйцэтгэгч компанийн буруугаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн гэж үзжээ. Харин гүйцэтгэгч буюу “Урагшлах” компани уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар болсон байна.
Өмнө нь 2018 оны хоёрдугаар сарын 27-нд , 2019 оны есдүгээр сарын 2-нд мөн барилгын техникд хяналт хийж,ашиглалтын явцад гарсан эвдрэл гэмтлийн талаар мэргэжлийн хяналтын байгуулалгаас дүгнэлт гаргаж байсан. Тус дүгнэлтийн хэрэгжилт хангалтгүй байна гэжээ.
Орхон аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч есдүгээр сарын 3-нд тус барилгын талаарх дүгнэлтдээ:
- Барилгын нэгдүгээр давхрын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон хана сууснаас нурах нөхцөл үүссэн
- Барилгын цэвэр усны далд шугамуудаас их хэмжээний ус алдаж, буурь хөрсөнд суулт үүсгэсэн
- Аяган суурийг хийхдээ “Барилгын газар шороо ба буурь суурийн ажил”-д заасны дагуу гүйцэтгээгүйгээс нэгдүгээр давхрын шал, ханын хийцүүд нилдээ суулт өгсөн гээд барилгын тухай хуулийн дагуу барилгын гүйцэтгэгч “Урагшлах” ХХК өөрийн хөрөнгөөр засвар хийхийг тусгажээ.
Үүссэн нөхцөл байдлын талаар Орхон аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс тодруулахад гүйцэтгэгч компани улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас мэргэжлийн хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар хоёр газраас санал авсан гэлээ. Ингэхдээ зардлаа 50/50 хувиар хувааж төлөх бөгөөд одоогоор хэр хэмжээний зардал гарах нь тодорхойгүй байгааг хэллээ.
Орон нутгийн төсвөөс 2.3 тэрбум төгрөг зарцуулан сургууль, цэцэрлэгийн өргөтгөл цогцолбор барьсан ч ийнхүү таван жилийн нүүр үзэлгүй ашиглах боломжгүй болж хүүхдүүд цахимаар хичээллэж байна.
Сэтгэгдэл (0)