“Esel” хөтөлбөрийн хүрээнд оюутан залуустай, орон нутгийн удирдлагууд хамтран ажиллаж байна
- 2022-04-29
- Орон нутаг
- 0
“Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” ESEL сургалт нь орон нутгийн өсвөр үеийн хүүхэд залуусын бүтээлч, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. ESEL сургалтыг төслийн хүрээнд зорилтот 5 аймгийн 25 суманд Хүүхдийг Ивээх Сан Дэлхийн Банкны менежментээр Японы Нийгмийн Хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгуудад 2019-2023 он хүртэл хэрэгжих юм.
Энэ төслийн хүрээнд 2021- 2022 оны хичээлийн жилд “ESEL” сургалтад Говьсүмбэр аймгийн Уул уурхайн жишиг сургууль политехник коллежийн 20 оюутанг хамруулаад байна. Аймгийн Насан туршийн боловсролын төвийн сургалтын менежер, ESEL хөтөлбөрийн сургагч багш Х.Амаржаргал удирдан явуулж байна.
Сургалтад аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга, БШУ-ны газрын дарга, Уул Уурхайн Жишиг Политехник коллежийн захирал нар зочноор оролцож, оюутан залуустай санал, туршлагаа хуваалцан зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
ESEL сургалтын суралцагчид 4 гишүүн тус бүр нэг баг болж, баг тус бүрд 1 зочин/орон нутгийн удирдлагууд/ Менторын үүрэгтэйгээр хамтран ажиллав. Ментор нь гишүүдийн үүрэг оролцоо, шинэ санаагаа хөгжүүлэн төсөл болгох, түүнийгээ хэрхэн танилцуулах, тэтгэлэгт санхүүжилт авч чадвал зах зээлд хэрхэн нэвтрүүлэх талаар багийн гишүүдэд зөвлөн туслах үүрэгтэйгээр цаашид төсөл дуусах хүртэл 1 жилийн хугацаанд хамтран ажиллах юм.
Уг өдөрлөг нь төслийн байгууллага болон орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн, оюутан залууст дэмжлэг үзүүлж, мэдээлэл зөвлөгөө өгч чадсан үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Сэтгэгдэл (0)