Пап Францис: Бүх хүмүүсийн ахан дүүгийн хувиар Монголд айлчлах гэж байгаадаа баяртай байна
- 2023-08-29
- Дэлхий
- 0
ВАТИКАН. /Vatican News/. Пап лам Францис өнгөрсөн ням гарагт Ангелусын залбирлын уншлагын дараа мэндчилгээ дэвшүүлэхдээ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монголд номлогчийн хувиар хийх аяллынхаа талаар ярьжээ.
Энэхүү аяллын “Хамтдаа найдъя” хэмээх уриа нь Ариун Эцэг Монголд пасторын болон төрийн айлчлал хийх гэж буйг илэрхийлсэн давхар утгыг онцлон харуулах зорилготой юм.
Пап лам энэхүү аяллаа “хүсэн хүлээсэн айлчлал” хэмээн тодорхойлоод,“тооны хувьд цөөн боловч итгэл үнэмшил нь хүчтэй, буяны үйлсээрээ агуу сүмд хүрэлцэн очих” гэж байгаагаа онцлон тэмдэглэжээ. Ариун Эцэг мөн Монгол орон “шашны баялаг уламжлал”-тай гэдгийг дурдаад, “шашин хоорондын арга хэмжээний хүрээнд ийм уламжлалтай танилцах нь нэр төрийн хэрэг байх болно” хэмээжээ.
“Бүх хүний ахан дүү”
Пап Францис “бүх хүмүүсийн ахан дүүгийн хувиар” Монголын ард түмний дунд очих гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, урилга ирүүлсэн Монголын удирдлага ба айлчлалд хичээнгүйлэн бэлтгэж буй хүмүүст талархал илэрхийлсэн байна. “Та бүхнээс энэ удаагийн айлчлалыг залбирлаараа дагалдахыг хүсэж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)