Vatican News: Пап Францис агуу соёлт ард түмнийд зочлохоор Монголд хүрэлцэн ирлээ
- 2023-09-02
- Дэлхий
- 0
ВАТИКАН. /Vatican News/. Пап Францис Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Энэ нь түүний хилийн чанадад хийж буй 43 дахь айлчлал бөгөөд есдүгээр сарын 4-ний өдөр өндөрлөнө.
Пап пүрэв гаргийн орой “аниргүйн орон” Монголыг зорьж явахдаа “ITA Airways” компанийн онгоцон дотор сэтгүүлчидтэй ярилцаж "асар өргөн уудам газар нутагтай энэ орон бол шууд логик ухаанаар бус харин мэдрэмжээрээ ойлгох тийм газар" гэсэн санааг илэрхийллээ.
Папыг Улаанбаатарын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Монгол дахь Папын нунцын үүргийг түр орлон гүйцэтгэгч Монсеньор Фернандо Дуарте Баррос Рейс, Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа болон Сүм, Засгийн газрын төлөөлөгчид угтан авлаа.
Мөн Монгол Улсын төрийн хүндэт харуулууд улаан, хөх, шар өнгийн дүрэмт хувцас хийгээд эртний монгол дайчдыг санагдуулам төмөр дуулга өмсөн сүр жавхлантайгаар жагссан байлаа. Нисэх буудалд болсон угтан авах ёслолын үеэр үндэсний дээлээ өмссөн залуу монгол бүсгүй Пап Францист тавагтай ааруул амсуулсан нь Монголын ард түмний нүүдэлчин соёлын илэрхийлэл байв.
Пап Францис тавагтай идээг эелдгээр тосон авч, ааруулаас томхоныг авч амслаа. Урт замыг туулсан Пап баасан гарагт амрах хуваарьтай бөгөөд бямба гаргийн өглөө албан ёсны уулзалт, арга хэмжээнүүдэд оролцоно.
Папын илгээлт
Монголын нийслэл Улаанбаатар хотыг зорьж буй Пап аливаа айлчлалын үеэр дээгүүр нь нисэж өнгөрч буй улс орон бүрийн удирдагчдад мэндчилгээ дэвшүүлдэг тогтсон уламжлалын дагуу БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ хүргүүллээ.
Тэрбээр илгээлтдээ “Монгол Улсыг зорин нисэж буй аяллынхаа явцад танай улсын агаарын орон зайг дамжин өнгөрч буй энэ үед Эрхэмсэг ноён танд болон Хятадын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Танай үндэстний сайн сайхны төлөө залбирч буйгаа батлан илэрхийлэхийн сацуу эв нэгдэл, энх тайвныг адислаж байна” хэмээжээ.Баасан гарагт Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь, Папын адислал “найрсаг зан, сайн санааны илэрхийлэл” байсныг онцлоод, Хятад улс, Гэгээн Ширээт Улс сүүлийн жилүүдэд харилцаа холбоогоо хадгалсаар ирснийг тэмдэглэсэн байна.Пап Францис 2022 оны есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Дэлхийн болон Уламжлалт шашнуудын тэргүүн нарын 7 дугаар конгресст оролцохоор Казахстанд хүрэлцэх очих үеэрээ Итали, Хорват, Босни-Херцеговин, Серби, Монтенегро, Болгар, Турк, Гүрж, Азербайжаны удирдагчдад мэндчилгээ илгээж байв.
Монгол дахь сүмийн тухайд
Пап хилийн чанадыг зорьж буй 43 дахь айлчлалаа хийхээр сонгосон Зүүн Азийн энэ улс нь далайд гарцгүй дэлхийн хоёр дахь том улс /Казахстаны дараа/ юм. Хүн ам цөөтэй, нүүдэлчний өв соёлтой энэ улс 3.5 сая орчим хүн амтай. Хүн амынх нь 2 хүрэхгүй хувь нь христийн шашинтай.
ЗХУ-ын дагуул байсан энэ улсад 70 жилийн турш коммунист дэглэм ноёрхсон ба 1990 онд тайван замаар хувьсгал хийж, олон намын тогтолцоо бүхий ардчиллыг цогцлоожээ. Улмаар шашны эрх чөлөөг баталгаажуулсан шинэ Үндсэн хуулийг баталсан байна.
Ийнхүү коммунизмын жилүүдэд цөллөгт байсан католик шашны номлогчид Сүмийг эхнээс нь дахин босгох үүрэг даалгавар авч тус улсад буцаж ирсэн түүхтэй. Өдгөө Монголд найман сүм, 1500 орчим адис хүртсэн католик шашинтнууд бий.
Гэхдээ ядуус, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, орхигдож хаягдсан хүмүүст зориулсан нийгэм, эрүүл мэнд, боловсролын олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд эрх баригчид болон ард түмэн тэднийг хүлээн зөвшөөрч үнэлдэг болжээ.
Цөөхөн жилийн түүхтэй шинэхэн Сүмийг Кардиналуудын коллежийн хамгийн залуу кардинал Жоржио Маренго удирдаж байгаа бөгөөд Пап Францис 2022 оны наймдугаар сард болсон чуулганы үеэр түүнийг Кардинал болгон өргөмжилсөн юм.
Виз олголтын тухайд
Папын айлчлалын үеэр хэлэлцэнэ хэмээн номлогчдын зүгээс найдаж буй асуудлуудын нэг бол тэдний хувьд тус улсад ажиллаж, амьдрахад шаардлагатай виз олголт юм.
Номлогчид нийгмийн халамжийн салбарт тууштай зүтгэн олон жил тус улсад ажиллаж, хэлийг нь сурдаг боловч зөвхөн богино хугацааны виз авдаг бөгөөд буцаж ирэхийг нь зөвшөөрөх эсэхийг мэдэхгүйгээр гурван сар тутамд хилийн чанадыг зорих шаардлагатай болдог. Төлбөр өндөртэй энгийн виз олгох бүртээ орон нутгийн таван хүнийг ажлын байраар хангах хүсэлтийг төрөөс номлогчдод тавьдаг.
Монголын цөмийн зэвсэггүй статус
Дайн, цөмийн сүйрлийн аюул нүүрлээд буй дэлхий ертөнцөд Монгол Улс “цөмийн зэвсгээс ангид статус”-тай гэдгээрээ бахархдаг. 2022 онд Монгол Улс ийм статустай болсныхоо 30 жилийн ойг тэмдэглэж, Цөмийн зэвсэггүй бүсүүдийг өргөжүүлэхийн ач холбогдол, тулгамдаж буй асуудал, хэтийн төлвийг хэлэлцэхийн тулд Улаанбаатар хотноо эрдэмтэн судлаачдыг урин цуглуулж, бүс нутгийн дугуй ширээний уулзалт хийсэн билээ.
Байгаль орчны асуудлууд
Монголд хийж буй Папын айлчлал нь “Лаудато си'” буюу "Бид бүгдийн орон гэр болсон гараг дэлхийдээ анхаарал халамж тавих" тухай Ромын Католик Сүмийн бүх хамба нарт илгээх папын захидлын хоёрдахь хэсгийг боловсруулж буй үед тохиож байгаа бөгөөд Монгол Улс энэ цаг үед тулгамдаж буй байгаль орчны асуудлуудад чухал үүрэг гүйцэтгэх ёстой билээ.
Нэг талаас, гадаадын конгломератуудын ашиглаж буй уул уурхайн салбараас үүдэлтэй байгаль орчны бохирдлын ноцтой асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаагаас гадна ядуу нүүдэлчин иргэд олноороо хүн ам ихтэй Улаанбаатар хот руу хошуурах болсон. Түүнчлэн улсын нийт хүн амын тэн хагас нь амьдардаг энэ хотод өвлийн хүйтэн улиралд нүүрс, хуванцрыг уламжлалт гэр сууцандаа түлж байгаа нь агаарын чанарыг маш муу, аюултай болгож байна.
Нөгөөтэйгүүр, хосгүй нандин экологийн тогтолцоогоо хамгаалахыг олон улсын зүгээс Монголд уриалсаар ирсэн. Европ, Азийн уулзвар дээр орших уудам энэ орон экологийн зургаан өөр бүстэй. Амазоны ширэнгэн ой дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлыг шингээж авдаг бол Төв Ази нь Азийн бусад хэсгийг усжуулж усыг шүүдэг. Иймээс монголчууд өвөг дээдсээсээ өвлөн авсан газар нутгаа “дэлхийн хоёр дахь уушги” хэмээн дээдэлдэг.
Монголын эрх баригчид эдгээр асуудалд ихээхэн анхаарал тавьдаг бөгөөд тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ олон улсын янз бүрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл (0)