Пап Францис Хятадын ард түмэнд хандан үг хэлжээ
- 2023-09-04
- Дэлхий
- 0
УЛААНБААТАР. /DW/. Монгол Улсын нийслэл Улаанбаатарт айлчлал хийж буй Пап Францис ням гарагт болсон мөргөлийн үеэр Хятадын ард түмэн болон мөргөлд оролцсон Хятадын католик шашинтнуудад хандан үг хэлжээ.
Улаанбаатар хотын спортын цэнгэлдэх хүрээлэнд болсон мөргөлийн ёслолын төгсгөлд Пап Францис Хонконгийн хоёр хамба ламыг тахилын өмнө урьж, Хятадын ард түмэнд хандан хөтөлбөрт тусгагдаагүй үг хэлжээ. Пап Хятадын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж, Хятадын католик шашинтнуудыг "Христэд итгэж, сайн иргэд байхыг" уриалсан аж.
Хятадын Засгийн газраас хориг тавьсан хэдий ч Хятадаас 100 орчим сүсэгтэн Монголд иржээ. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Монголд ирэх замдаа Хятадын агаарын хилээр нэвтрэх үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ илгээсэн байна.
Бээжин хариуд нь Ватикантай "харилцан итгэлцлээ" бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд “Ватикантай цаашид хамтран ажиллаж, яриа хэлэлцээг эхлүүлэн, харилцан ойлголцлоо сайжруулахад Хятад улс бэлэн байна” гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин хэлжээ.
Хятадын Коммунист нам албан ёсоор шашингүй үзэлтэй тул Бээжин, Ватикан хоёр 1951 оноос хойш дипломат харилцаа тогтоогоогүй байгаа юм. Нэмж дурдахад, Гэгээн Ширээт Улс бол Тайванийг бүрэн эрхт улс хэмээн хүлээн зөвшөөрсөн Европын цорын ганц улс юм гэж Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)