Ким Жөн Ун Орост хийж буй айлчлал нь Москватай стратегийн харилцаа чухал болохыг харуулж байна гэв
- 2023-09-13
- Дэлхий
- 0
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар ОХУ-д айлчилж байгаа нь Пёньян ОХУ-тай өрнүүлэх харилцаанд “стратегийн чухал” асуудлын хувиар нэн тэргүүний анхаарал хандуулдаг гэдгийг баталж байна гэж мэдэгджээ.
Умард Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлагийн мэдээлснээр, Ким Жөн Ун дээрх мэдэгдлийг Приморийн хязгаарын Хасан өртөөнд ирснийхээ дараа хийжээ. Түүнийг ОХУ-ын Байгалийн нөөцийн сайд Александр Козлов тэргүүтэй албан тушаалтнууд угтан авсан байна. Ким Жөн Ун 2019 оны дөрөвдүгээр сард хийсэн анхны айлчлалаасаа хойш дөрвөн жилийн дараа “ОХУ-д дахин айлчилж байгаадаа баяртай байгаагаа” онцлоод энэ удаагийн айлчлал нь “дэлхийн эрүүл мэндийг хамгаалах салбарт гарсан нийгмийн хямралын дараа” гадаадад хийж буй түүний анхны айлчлал болохыг тэмдэглэсэн байна. “Энэхүү айлчлал бол Солонгос-Оросын харилцааны стратегийн ач холбогдолд ихээхэн анхаарал хандуулж буй манай нам, төр засгийн байр суурийн тод илрэл юм" гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. Тэрбээр халуун дотноор хүлээн авсанд Оросын талд талархал илэрхийлсэн байна.
KCNA-гийн тэмдэглэснээр, Орост хийж буй Ким Жөн Уны айлчлалын зорилго нь "хоёр орны найрсаг харилцааг шинэ өндөрлөгт гаргах" явдал юм.
БНАСАУ-ын удирдагч 2019 оноос хойш ОХУ-д анх удаа айлчилж байгаа юм. Тэрбээр хуягт галт тэргээр Орост хүрэлцэн иржээ. Ким Жөн Ун Приморийн хязгаарын захирагч Олег Кожемяко, Байгалийн нөөцийн сайд Александр Козлов нартай хэлэлцээ хийсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах төлөвтэй байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэхдээ, хэлэлцээ Алс Дорнодод болно гэж мэдэгдсэн ч хоёр удирдагчийн уулзалт яг хаана болохыг тодорхой хэлээгүй байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)