Европын Холбоо цагаачдын тоог бууруулахын тулд шинэ төлөвлөгөө боловсруулжээ

РОМ. /VoA/. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен ням гарагт Италийн Лампедуза аралд зочилжээ. Тэрбээр Италид цагаачдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад туслахын тулд Европын Холбооноос /ЕХ/ 10 төрлийн үйл ажиллагааг явуулна гэж амлалаа.

 

 

Энэ онд Италид 126 мянга орчим цагаач ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг хоёр дахин их тоо юм. Лампедуза гэдэг жижиг арал дээр өнгөрсөн долоо хоногт гэхэд тус арлын байнгын оршин суугчдаас олон буюу 7 мянга гаруй хүн ирж буусан аж.

 

 

Фон дер Ляйенийг Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони дагалдан явсан байна. Хойд Африкийн эргээс Италид завиар ирсээр буй цагаачдын тоог бууруулахад чиглэсэн 10 зүйл бүхий төлөвлөгөөг ЕХ гаргажээ. "Хууль бус цагаачлал бол Европын асуудал бөгөөд Европ тив нэгдсэн хариу арга хэмжээ авахыг шаардаж байна. Та бүхэн ЕХ-нд найдаж болно " гэж Ж.Мелонитэй хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Дээрх төлөвлөгөөний дагуу Италид ирж буй цагаачдын дотроос орогнох эрхгүй хүмүүсийг эх оронд нь буцаахад ЕХ-ны хил хамгаалах “Frontex” албаны үйлчилгээг ашиглах юм.

 

“Frontex” нь цагаачдын хөлөг онгоцуудыг хянаж, тэнгисийн болон агаарын хяналтыг сайжруулж, хууль бусаар цагаачдыг хил давуулдаг хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсооход тусална. Мөн Тунисын эргийн хамгаалалтын албанд зориулж тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг хурдавчилна гэж фон дер Ляйен амлалаа.

 

Өнгөрсөн оны 10 дугаар сард Италийн засгийн газрын тэргүүн болсон Ж.Мелонигийн хувьд цагаачдын тоо огцом нэмэгдэж байгаа нь улс төрийн ноцтой асуудал болоод байгаа юм. Цагаачдыг ЕХ-ны бусад улсууд руу дахин хуваарилж явуулахын оронд Европ руу нэвтрэхээс урьдчилан сэргийлэх нь асуудлыг шийдвэрлэх зөв арга зам гэдгийг Ж.Мелони дахин онцолжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.47.62)

    2023-09-20

    Энэ муу АНУ ЕХ хоёрын гайгаас болж дүрвэгсэдийн өсч байна.