Япон, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзлаа
- 2023-09-19
- Дэлхий
- 0
НЬЮ-ЙОРК. /Kyodo/. Японы Гадаад хэргийн шинэ сайд Камикава Йоко АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй анх удаа биечлэн уулзах үеэрээ Тайванийн хоолойд тогтвортой байдлыг хангах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.
Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хоёр сайд Ази-Номхон далайн бүс нутагт Хятадын цэргийн ажиллагаа идэвхжиж буй энэ цаг үед Япон-АНУ-ын эвслийн ач холбогдлыг дахин нотолжээ.
Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Японы Гадаад хэргийн анхны эмэгтэй сайдаар өнгөрсөн долоо хоногт томилогдсон К.Йоко Токио ба Вашингтонд тулгарч буй сорилтуудын талаар илэн далангүй ярилцах хүсэлтэй байгаагаа Э.Блинкенд хандан илэрхийлсэн байна. Үүний хариуд Э.Блинкен хэлэхдээ, хоёр орны түншлэл урьд хожид байгаагүй хүчтэй, ач холбогдолтой болоод буйг онцолжээ.
К.Йоко, Э.Блинкен нар мөн Умард Солонгосын зүгээс учирч буй пуужингийн болон цөмийн аюул заналыг тогтоон барихын тулд хоёр талын болон БНСУ-ыг оролцуулсан гурван талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна. Пёньян сүүлийн үед баллистик пуужингийн туршилтыг удаа дараа хийсэн билээ.
Японы Засгийн газарт өнгөрсөн лхагва гарагт хийсэн халаа сэлгээгээр Хаяши Ёшимасагийн халааг авсан К.Йоко Нью-Йорк хотноо Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли, Бразилын Гадаад хэргийн сайд Мауро Виейра нартай уулзсаны дараа Э.Блинкентэй хэлэлцээ хийжээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсны дараа К.Йоко пүрэв гарагт Э.Блинкентэй анх удаа утсаар ярих үеэрээ, энэ онд "Долоогийн бүлэг”-ийг даргалж буй Япон улс хууль дээдлэх зарчимд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг сахин хамгаалах, бэхжүүлэх үүргээ биелүүлэх болно гэдгийг онцолсон байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)