Ши Жиньпиний урилгыг В.Путин хүлээн авчээ
- 2023-09-21
- Дэлхий
- 0
МОСКВА. /interfax/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгыг хүлээн авч, ирэх сард Хятадад айлчлах үеэрээ “Бүс ба Зам”-ын чуулга уулзалтад оролцоно. Энэ тухай тэрбээр Москвад БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахдаа мэдэгдлээ.
“БНХАУ-ын даргын санаачилсан “Бүс ба Зам” олон улсын брэндийг сурталчлах арга хэмжээний хүрээнд ирэх сард Хятадад айлчлах урилгыг би талархан хүлээн авсан” гэж Оросын Ерөнхийлөгч хэлжээ. Энэхүү айлчлал нь "Евразийн их орон зайг бий болгоход чиглэсэн бидний үзэл санааг нэгтгэж, хоёр орны ашиг сонирхолд бүрэн нийцэж байна" гэж В.Путин онцоллоо.
Орос, Хятадын удирдагчид 10 дугаар сард хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев урьд нь мэдээлж байв. Түүний хэлснээр, хоёр орны удирдагчдын уулзалт “Бүс ба Зам” чуулга уулзалтын хүрээнд Бээжин хотноо болно. В.Путин уг чуулга уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мөн долоодугаар сард мэдэгдэж байсан юм. Хятадад хийх айлчлал нь В.Путиний хувьд энэ онд хийх эхний гадаад айлчлал болно.
Ши Жиньпин гуравдугаар сард Москвад айлчлах үеэрээ В.Путинийг Хятадад айлчлахыг урьсан юм.
Хамгийн сүүлд В.Путин 2022 оны хоёрдугаар сарын 4-нд буюу Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхлэхээс 20 хоногийн өмнө Хятадад айлчилсан юм. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч өвлийн Олимпын наадмын нээлтэд оролцож, Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзсан билээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)