Испанид шөнийн цэнгээний газарт гал гарч олон хүн амиа алджээ

МАДРИД, 2023 оны аравдугаар сарын 2 /BBC/. Испанийн зүүн өмнөд хэсэгт орших Мурсиа хотод шөнийн цэнгээний гурван газрыг хамарсан гал гарсны улмаас 13 хүн амиа алджээ. “Fonda Milagros” шөнийн цэнгээний газарт орон нутгийн цагаар ням гаргийн өглөө эрт гал гарсан байна. 

 

Үйлчлүүлэгчид олон хүнтэй бүжгийн талбайгаас яаран гарахыг оролдох үед "Teatre" зэрэг зэргэлдээх клубүүдэд гал тархсан гэж цагдаа нар мэдээлжээ. 

Амиа алдсан хүмүүс бүгд “Fonda Milagros” клубт байсан гэдгийг цагдаа нар баталсан боловч 14 хүн сураггүй хэвээр байгааг дурдаад, амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх магадлалтайг анхааруулжээ. Уг клуб нь Мурсиа хотын Аталайя дүүрэгт байрладаг ба түймэр орон нутгийн цагаар өглөөний 06:00 цагийн орчимд гарсан гэж таамаглаж байна. Үүнээс хойш ойролцоогоор 15 цагийн хугацаа өнгөрөөд байгаа ч гал гарсан шалтгаан тодорхойгүй байна. Гэхдээ Мурсиа хотын дарга Хосе Баллеста сэтгүүлчдэд мэдээлэхдээ, клубийн нэгдүгээр давхарт гал гарсан гэсэн байна.

сонин mn

Үндэсний цагдаагийн газрын ажилтан Диего Сералын хэлснээр, клубийн дээвэр нурсан нь хохирогчдыг эрж олох, юу болсныг тогтооход хүндрэл учруулж байна. "La Verdad de Murcia" сонинд бичсэнээр, 28 настай нэгэн эмэгтэй гал гарч эхлэх үед ээждээ “ээж ээ, би тандаа хайртай, бид үхэх гэж байна” хэмээн дуут зурвас илгээжээ.

 

Түүний хувьд найз залуутайгаа, мөн Мурсиагаас холгүй орших Каравака-де-ла-Круз хотод амьдардаг хэдэн найз нарын хамт явж байжээ. Уг эмэгтэй амьд үлдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. “Тэд Каравакад шөнийн цэнгээний газар байдаггүй учраас тэнд очсон” гэж эмэгтэйн аав сонинд ярьжээ.

Түүнчлэн дөрвөн хүн утаанд хордсон гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орон нутгийн спорт цогцолборт хохирогчдод зөвлөгөө өгч байна. Мурсиа хотын дарга Х.Баллеста “гамшигт үйл явдал тохиолоо” хэмээн мэдэгдээд, гурван өдрийн гашуудал зарлажээ. Испанид шөнийн цэнгээний газарт сүүлийн 30 гаруй жилд гарсан хамгийн том түймэр энэ болж байна. 1990 онд Сарагоса хотын нэгэн клубт гал гарч 43 хүн амиа алджээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)