Израилд онц байдлын засгийн газар байгууллаа

ТЕЛЬ-АВИВ. 2023 оны аравдугаар сарын 12 /Ynet/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху онц байдлын засгийн газар байгуулсныг албан ёсоор мэдэгдлээ. 

“Израилын ард түмэн эв нэгдэлтэй, өнөөдөр тэдний засгийн газар ч мөн нэгдмэл байна. Бид Израилын ард иргэдийн төлөө мөр зэрэгцэн ажиллах болно” гэж Б.Нетаньяху сөрөг хүчний эвслийн тэргүүн Бенни Ганц, Батлан хамгаалахын сайд Йоав Галлант нартай хийсэн хамтарсан мэдэгдэлдээ дурджээ.

Ерөнхий сайд Б.Нетаньяху болон Б.Ганц нар лхагва гарагт шилжих шөнө гурван гишүүнтэй "цэргийн кабинет" байгуулахаар тохиролцжээ. Танхимын бүрэлдэхүүнд Б.Нетаньяху, Б.Ганц нар өөрсдөө, мөн Батлан хамгаалахын сайд орох бол сөрөг хүчний намын гишүүн, Израилын Батлан хамгаалах хүчний (IDF) Ерөнхий штабын дарга асан Гади Айзенкот, Стратегийн асуудал эрхэлсэн сайд Рон Дермер нар ажиглагчаар ажиллана.

 

 

Тэд ХАМАС бүлэглэлтэй дайн эхэлснээс хойш тав хоногийн дараа онц байдлын засгийн газар байгуулах эцсийн шийдвэрийг гаргаж буй юм.

 

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын 7-нд Израил руу дайралт хийсний дараа Б.Нетаньяху үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулахыг санал болгожээ. Ерөнхий сайд сөрөг хүчинд хандан ямар ч урьдчилсан болзолгүйгээр ийм засгийн газар байгуулахыг уриалж байв. Б.Нетаньяхугийн Ликуд нам (одоогийн эвслийн засгийн газрын хамгийн том нам) онц байдлын засгийн газрыг 1967 оны зургаан өдөр үргэлжилсэн дайны өмнө тухайн үеийн сөрөг хүчний намын дарга Менахем Бегин, Ерөнхий сайд Леви Эсхколын үед байгуулж байсан шиг байгуулах ёстой гэж мэдэгдэж байжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)