Францад Палестиныг дэмжсэн жагсаал цуглаан хийхийг хоригложээ
- 2023-10-13
- Дэлхий
- 0
ПАРИС, 2023 оны аравдугаар сарын 13 /BBC/. Францад Палестиныг дэмжсэн жагсаал цуглаан хийхийг хориглох шийдвэрийг Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин гаргажээ. Түүнчлэн дүрэм журмыг зөрчсөн гадаадын иргэдийг "шат дараатайгаар" албадан гаргахыг үүрэг болгосон байна.
Израил-ХАМАС бүлэглэлийн дайны улмаас антисемитизм буюу еврейчүүдийг үзэн ядах үзэл газар авах вий гэдэгт Европын эрх баригчид санаа зовниж буй үед энэ алхмыг хийжээ. Дээрх шийдвэрийг гаргасны дараа Парис хотод Палестиныг дэмжсэн олон жагсагч хоригийг эсэргүүцэн жагссан байна. Цагдаа нарын тооцоолсноор, жагсаалд 3000 хүн оролцсон ба 10 хүнийг баривчилжээ.
“Place de la Rйpublique” талбайд болсон уг жагсаалыг тараахын тулд даралттай ус шүршигч хэрэглэсэн бөгөөд жагсагчид “Израил алуурчин”, “Палестин ялна” хэмээн хашгирч, Палестины төрийн далбааг намируулсан байна. Эл үйл явдлаас өмнө Германы цагдаа нар Берлинд болсон Палестиныг дэмжсэн жагсаалыг тараажээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дүрс бичлэгээр дамжуулан хийсэн мэдэгдэлдээ, ард иргэддээ эв нэгдэлтэй байхыг уриалж, олон улсын талцал хуваагдал дээр үндэсний талцлыг нэмэхгүй байцгаая хэмээн хэлсэн байна. Түүний хэлснээр, өнгөрсөн бямба гарагт ХАМАС бүлэглэл Израил руу довтлох үеэр Францын 13 иргэн амь эрсэдсэн бөгөөд сураггүй болсон 17 иргэний дөрөв нь хүүхэд байжээ. Тэрбээр ХАМАС-ыг “Израилын ард түмнийг үгүй хийхийг хүсдэг террорист байгууллага” гэж тодорхойлсон байна.
Францад 500 мянга орчим еврей үндэстэн байдаг нь Европт хамгийн олонд тооцогддог. Үүний зэрэгцээ Франц дахь лалын шашинтнуудын нийгэмлэг мөн Европт хамгийн томд тооцогддог бөгөөд тус улсад ийм шашин шүтдэг таван сая орчим хүн байдаг гэсэн тооцоо бий. Ж.Дарманин еврейн сургууль, сүмүүдийг цагдаа нар хамгаалалтад авах ёстой хэмээн бүс нутгийн эрх баригчдад мэдэгджээ. Бямба гаргаас хойш антисемитизмийн шинжтэй 100 үйлдэл бүртгэгдсэн гэж тэрбээр Францын радиод ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)