Газын зурвасын эмнэлэгт агаараас цохилт өгсний улмаас олон зуун хүн амиа алджээ

ГАЗЫН ЗУРВАС, 2023 оны аравдугаар сарын 18 /BBC/. Газын зурвасын нэгэн эмнэлэг агаарын цохилтод өртсөний улмаас амиа алдсан хүний тоо 500-д хүрээд байна гэж бүс нутгийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Харин Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "уг хэрэг явдлын шалтгаан тодорхойгүй бөгөөд арми мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэсэн байна. Тус улсын Батлан хамгаалах хүчний хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд, эмнэлэг бол "маш эмзэг" барилга, тиймээс манай бай биш хэмээн тэмдэглэжээ.

Мөн Батлан хамгаалахын хүчин дэлбэрэлтийн шалтгааныг судалж байгаа бөгөөд үнэн зөв, найдвартай байдлыг чухалчилж байгааг дурдаад, террорист байгууллагын зүгээс хийсэн батлагдаагүй мэдээллийг цацахдаа хянуур хандахыг бүх талд уриалсан байна.

Аль-Ахли эмнэлэг агаарын цохилтод өртсөнд ХАМАС бүлэглэлийнхэн Израилыг буруутгаж, үүнийг “дайны гэмт хэрэг” гэж мэдэгдсэн бол Израилын тал Палестины “Исламын жихад” бүлэглэлийн харвасан пуужингийн улмаас дэлбэрэлт болсон гэж мэдэгджээ. Харин Газын зурвас дахь хоёр дахь том зэвсэгт бүлэглэл болох Жихад уг мэдээллийг няцаасан байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)