Европт ердийн зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээнээс НАТО гарчээ
- 2023-11-08
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /VoA/. ОХУ гэрээнээс гарсны хариуд Хүйтэн дайны үеийн аюулгүй байдлын гол гэрээ болох Европт ердийн зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээний (CFE) үйлчлэлийг НАТО түр зогсоолоо.
НАТО-гийн гишүүн 31 улсын ихэнх нь CFE-д нэгдсэн бөгөөд уг гэрээ Хүйтэн дайны үед сөрсөлдөгч талуудын хилийн ойролцоо байрлах цэргийн хүчийг харилцан хязгаарлах зорилготой байсан юм.
Орос улс албан ёсоор гэрээнээс гарсан бөгөөд ингэхдээ "НАТО-гийн цэргийн эвслийг өргөжүүлэх замаар Хүйтэн дайны дараах үеийн аюулгүй байдлыг тогтолцоог алдагдуулсан" гэж АНУ-ыг буруутгажээ. Мягмар гарагт НАТО хариу арга хэмжээ авч, гэрээний үйлчлэлийг зогсоосон бөгөөд "Орос улс дагаж мөрдөхгүй тохиолдолд уг гэрээ үйлчилсээр байх нь утга учиргүй хэрэг" гэж мэдэгдлээ. Оросын хийсэн үйлдлийг НАТО-гийн холбоотон орнууд буруушааж байна.
"CFE-ээс гарах ОХУ-ын шийдвэр болон Украины эсрэг түрэмгий дайн нь гэрээний зорилгод харшилж байна" гэж НАТО-гийн мэдэгдэлд дурджээ.
Орос улс CFE-ээс гарсан нь АНУ, ОХУ-тай холбоотой хэд хэдэн аюулгүй байдлын гэрээг цуцлахад чиглэсэн шийдвэрүүдийн сүүлчийнх нь юм. Тодруулбал, Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээ буюу шинэ START гэрээг Москва цуцалсан билээ.
Түүнчлэн АНУ, ОХУ хоёр Дунд тусгалын цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнээс 2019 онд гарсан бөгөөд гэрээг зөрчсөн гэж талууд бие биенийгээ буруутгаж байв.
Орос улс CFE-ээс гарсантай холбогдуулан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливаны хийсэн мэдэгдэлд дурдахдаа "АНУ зэвсэглэлийг үр дүнтэйгээр хянах байр суурьтай хэвээр байна" гэжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)