Өдөрт дөрвөн цаг гал зогсоохыг Израил зөвшөөрчээ
- 2023-11-10
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /CNN/. Газын зурвасын хойд хэсэгт өдөр бүр дөрвөн цагийн турш байлдааны ажиллагаагаа зогсоохыг Израилын тал зөвшөөрсөн гэж Цагаан ордон пүрэв гарагт мэдэгджээ.
Израилын өндөр албан тушаалтан дөрвөн цагийн завсарлагыг тодорхой бүс нутагт хэрэгжих “тактикийн завсарлага” гэж нэрлэлээ. Тодруулбал, Газын зурвасын хойд хэсгийн оршин суугчдад тусламж авахаар өмнө зүгийг зорих боломжийг олгох бөгөөд түр гал зогсоож байгааг хэдэн цагийн өмнө мэдэгдэх ажээ.
Харин Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэхдээ, Газын зурваст гал зогсоох нь ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллах эсэхээс хамаарна гэсэн байна. Цагаан ордноос пүрэв гарагт хийсэн мэдэгдлийг үл харгалзан Б.Нетаньяху ийнхүү мэдэгджээ. Түр гал зогсоож эхлэхээс гурван цагийн өмнө Израилын тал мэдэгдэл хийнэ гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
Гэвч Б.Нетаньяху Газын зурвас дахь байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд барьцаанд байгаа хүмүүсийг суллаагүй тохиолдолд гал зогсоохгүй гэж мэдэгджээ.
“Израилын тал Газын зурвасын хойд хэсгээс эхлээд өмнөд хэсэгт оршин суудаг энгийн иргэдийг аюулгүй коридороор нэвтрэх боломжоор хангаж байна. Өчигдөр л гэхэд 50 мянган иргэн уг коридороор дамжин өнгөрсөн” гэж мэдэгдэлд дурдсан байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)