В.Путин Украины ба Газын зурвасын дайныг харьцуулжээ

МОСКВА. 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "G20"-ийн цахим дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ Орос улс Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байгааг дахин мэдэгдэв. Тэрбээр мөн Газын зурвас дахь байлдааны ажиллагааг Оросын арми 2022 оны хоёрдугаар сард Украин руу хийж эхэлсэн бүрэн хэмжээний довтолгоотой харьцуулжээ. “Зарим нөхөд маань Орос Украинд түрэмгийллээ үргэлжлүүлж байгаад цочирдож байна гэдгээ нэгэнтээ хэлсэн. Тийм ээ, цэргийн ажиллагаа бол хэзээд л эмгэнэлт явдал байдаг" гэж В.Путин хэлээд Украинд болсон 2014 оны үйл явдалд дахин нэг дүгнэлт хийв."Харин өнөөдөр Газын зурваст Палестины энгийн хүн амыг хөнөөж устгаж байгаа нь цочирдмоор биш гэж үү?

Эмч нар хүүхдүүдэд мэдээ алдуулалгүйгээр мэс засал хийж байгаа нь цочирдмоор биш гэж үү?" гэж тэрбээр хэлсэн байна. Энхийн хэлэлцээний тухайд В.Путин энэ талаар байнга ярьдаг бөгөөд яриа хэлэлцээ хийхээс татгалзсан гэж Украиныг буруутгадаг. Бүх Оросын төрийн телевиз, радио нэвтрүүлгийн компани, Кремлийн сурвалжлагч Павел Зарубин В.Путиний хэлсэн үгийг товчлон нийтэлжээ. Дэлгэц дээр энэ жил G20-ийг даргалж буй Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Сингапур, Бангладешийн төлөөлөгчид харагдаж байв. “Орос улс Украинтай энхийн хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй. Орос биш, харин Украин хэлэлцээний явцаас гарч байгаагаа олон нийтэд зарласан. Түүгээр ч барахгүй ОХУ-тай ийм хэлэлцээ хийхийг хориглосон зарлигт төрийн тэргүүн нь гарын үсэг зурсан” гэж В.Путин хэлэв. Орос, Украины хэлэлцээ өнгөрсөн оны гуравдугаар сард зогссон билээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)