Өмнөд Солонгос, АНУ, Япон тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийжээ
- 2023-11-27
- Дэлхий
- 0
СӨҮЛ, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /Yonhap/. Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд Умард Солонгосоос учирч буй цөмийн болон пуужингийн аюул заналаас хамгаалах үйл ажиллагаагаа бэхжүүлэхийн тулд ням гарагт Солонгосын хойгийн өмнөд хэсэгт тэнгисийн цэргийн сургуулилалт хийжээ. Энэ тухай Өмнөдийн Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв. Гурван улсын хамтарсан сургуулилалт Чэжү арлын зүүн өмнөд хэсэгт болсон бөгөөд Сөүл хотоос зүүн өмнө зүгт 320 км-ийн зайд орших Бусан хот дахь тэнгисийн цэргийн баазад ирээд байгаа АНУ-ын цөмийн хөдөлгүүрт, нисэх онгоц тээгч “USS Carl Vinson” хөлөг онгоц оролцсон байна. Агаарын довтолгооноос хамгаалах, тэнгисийн цэргийн сургуульд Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний “Aegis” системээр тоноглогдсон эскадрын мина тээгч онгоцнууд, Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний “Murasame” ангиллын эскадрын мина тээгч онгоцнууд мөн оролцжээ.
Умард Солонгосоос учирч буй цөмийн болон пуужингийн аюул заналхийллийн эсрэг гурван улсын хамтарсан чадавхыг бэхжүүлэх, хамтарсан хамгаалалтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ийм сургууль хийсэн гэж цэргийнхэн мэдээлсэн байна. Умард Солонгос өнгөрсөн мягмар гарагт цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн билээ. Тагнуулын хиймэл дагуул нь Өмнөд Солонгос дахь болон АНУ-ын Хавай, Гуам арал дахь Америкийн цэргийн баазууд, мөн мягмар гарагт Бусан хотод ирсэн “USS Карл Vinson” хөлгийн зургийг авсан гэж Пёньян мэдэгдсэнээс хойш нэг өдрийн дараа тус сургуулилалтыг хийжээ. Энэ сарын эхээр гурван орны Батлан хамгаалахын сайд нар Пёньяны зүгээс учирч буй аюул заналыг тогтоон барих хүчин чадавхаа бэхжүүлэх зорилгоор олон жил хэрэгжих хамтарсан сургуулилалтын төлөвлөгөө боловсруулж, сургуулилалтын цар хүрээг өргөжүүлэхээр тохиролцсон юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)