Дональд Тускийг Польшийн Ерөнхий сайдаар томиллоо
- 2023-12-12
- Дэлхий
- 0
ВАРШАВ, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /BBC/. Польшийн парламент шинэ эвслийн засгийн газрыг эмхлэн байгуулах эрхийг Ерөнхий сайд асан Дональд Тускт өглөө.
Шинэ засаг захиргаа лхагва гарагт ерөнхийлөгчийн ордонд тангараг өргөх юм. Ингэснээр Европын Холбооны /ЕХ/ эрх баригчидтай удаа дараа зөрчилдөж байсан барууны үндсэрхэг үзэлтэй “Хууль ба Шударга ёс” /PiS/ намын найман жилийн засаглалд цэг тавина.
Гэсэн хэдий ч Д.Туск PiS намын засаглалын үеийн үр нөлөөг арилгах амлалтаа биелүүлэхэд бэрхшээлтэй тулгарч магадгүй байна. Д.Тускийн төвч үзэлт эвсэл энэ оны 10 дугаар сард болсон сонгуулиар олонхын суудлыг авсан боловч албан тушаалаа авч чадалгүй өнөөг хүрсэн юм.
Матеуш Моравецкигийн тэргүүлдэг PiS нь сонгуулийн дараа хамгийн том нам болон гарч ирсэн хэдий ч бусад намууд хамтран ажиллахаас татгалзсантай холбоотойгоор парламентад олонхыг бүрдүүлж чадаагүй юм. Улмаар даваа гарагт М.Моравецки итгэл хүлээлгэх эсэх санал хураалтад ялагдаж, Д.Туск засгийн эрхийг эргүүлэн авах нөхцөл бүрджээ.
Д.Туск 2007-2014 онд Польшийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд хожим нь Европын Зөвлөлийн тэргүүн болсон билээ. 10 дугаар сард болсон сонгуулиар ЕХ-г дэмжигч түүний эвсэл олонхын суудал авсан юм. Тус эвсэлд Д.Тускийн Иргэний эвсэл, мөн “Гурав дахь зам”, “Шинэ Зүүн” гэсэн гурван нам багтдаг хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)