Олон мянган цагаачдын цуваа АНУ-ын хилийг чиглэн хөдөлжээ
- 2023-12-26
- Дэлхий
- 0
МЕХИКО, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /Reuters/. АНУ-ын хилийг зорьсон олон мянган цагаач зул сарын битүүн өдрийг Мексикийн өмнөд нутгийн Альваро Обрегон хотын төв талбайд өнгөрөөжээ.
Төв Америк, Карибын тэнгисийн орнуудаас ирсэн цагаачдын цуваа Мексикийн өмнөд хилийн Тапачула хотоос гарч 15 км алхаж Альваро Обрегон хотод ням гарагт ирснийхээ дараа даваа гаргийн үүрийн 4 цагт цааш хөдөлсөн байна.
Орон нутгийн эрх баригчдын тооцоолсноор, цагаачдын цуваанд дийлэнх нь Төв болон Өмнөд Америк, Карибын тэнгисийн орнуудаас ирсэн 8000 орчим хүн нэгджээ. Хаити улсаас ирсэн цагаач Исгюль Жан, гэмт хэрэг, хээл хахууль газар авсны улмаас, хоёр охиноо тэжээхийн тулд эх орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хэмээн ярилаа.
"Тапачула хотод бичиг баримттай болох гэж гурван сар хөөцөлдсөн хэдий ч юу ч олж чадсангүй. Би энд хүлээж, өлсөж, ажил олж чадахгүй байхаас залхаж байна. Би бусдын адил АНУ-д очмоор байна” гэж тэрбээр хэлэв. Хамгийн сүүлд 2018, 2019 онд голдуу Төв Америкийн орнуудаас ирсэн цагаачдын томоохон цуваа Мексикээр дамжин АНУ-ын хилд хүрч байсан юм. Сүүлийн жилүүдэд харьцангуй цөөн тооны цагаачдын цуваа тус улсаар дамжин Америкийг зорьсон байна. Өнгөрсөн онд АНУ-Мексикийн хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан цагаачдын тоо эрс нэмэгджээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)