АНУ: Умард Солонгосын баллистик пуужинг ОХУ ашиглаж байна

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 5 /ВВС/. ОХУ Украины эсрэг дайнд Умард Солонгосоос нийлүүлсэн баллистик пуужин болон пуужин харвагчийг ашиглаж байна гэж АНУ-ын эрх баригчид мэдэгджээ.

 

Энэ бол Орост үзүүлэх Пёньяны дэмжлэгтэй холбоотой "ноцтой бөгөөд сэтгэл түгшээсэн асуудал" гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Цагаан ордонд пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ, АНУ энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд тавьж, зэвсэг нийлүүлэхэд оролцож буй хүмүүсийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна гэлээ.

 

Харин Оросын эрх баригчид пуужин худалдан авснаа эрс үгүйсгэж байгаа юм. Гэтэл Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун цэргийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-д айлчилсан билээ. Пёньян Орост зэвсэг нийлүүлж байна гэж АНУ өмнө нь буруутгаж байсан хэдий ч 900 км-ийн тусгалтай, өөрийгөө залуурддаг баллистик пуужингийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АНУ-ын тагнуулын алба анх удаагаа дэлгэсэн байна.

 

Умард Солонгосоос баллистик пуужин худалдаж авсан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолыг шууд зөрчсөн үйлдэл юм. Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй ОХУ хариуцлага хүлээх ёстой гэдгийг бид шаардах болно" гэж Ж.Кирби хэлжээ. Тэрбээр мөн хэлэхдээ, ОХУ Иранаас ойрын тусгалтай пуужин худалдаж авахаар төлөвлөж байна гэж бид үзэж байгаа боловч одоогоор худалдаж аваагүй байна гэлээ. 

 

Үүний сацуу Умард Солонгосоос нийлүүлсэн баллистик пуужинг Украинд ашиглаж байгааг Их Британи улс "эрс буруушааж" байгаагаа мэдэгджээ. "Умард Солонгосын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах ёстой. Украины эсрэг Оросын дэгдээсэн дайныг дэмжсэнийх нь төлөө Умард Солонгост хариуцлага хүлээлгэх асуудлаар бид түншүүдтэйгээ хамтран ажиллана" гэж Их Британийн Гадаад харилцаа, хамтын нөхөрлөл, хөгжлийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. 

 

Ж.Кирби дээрх мэдээллийг хийх үеэрээ Украинд нэмэлт санхүүжилт олгох асуудлыг "нэн даруй" батлахыг АНУ-ын Конгресст уриалжээ.

 

Украинд үзүүлэх 250 сая долларын цэргийн тусламжийн сүүлчийн багцыг АНУ-ын Конгресс 12 дугаар сарын 27-нд баталсан юм. АНУ-Мексикийн хилийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгах нь цэргийн тусламжийн аливаа хэлэлцээрт багтах ёстой гэж Бүгд найрамдах намын гишүүд үзэж, дээрх санхүүжилтийг дэмжээгүй тул уг асуудал мухардалд ороод байгаа юм. Ойрын үед Барууны орнуудаас нэмэлт тусламж ирэхгүй бол цэргийн ажиллагааны ба улсын төсвийн санхүүжилт эрсдэлд орно гэж Украины тал мэдэгджээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)