Г.Атталь Францын хамгийн залуу Ерөнхий сайд боллоо

ПАРИС, 2024 оны нэгдүгээр сарын 10 /Reuters/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Боловсролын сайд Габриэль Атталийг мягмар гарагт Ерөнхий сайдаар томиллоо. Өдгөө 34 настай Г.Атталь нь Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд болж байна. Тэрбээр даваа гарагт албан тушаалаасаа огцорсон Элизабет Борны халааг авч байгаа юм.

Г.Атталь 28 настайдаа Э.Макроны төвч үзэл баримтлагч намаас Үндэсний ассемблейн гишүүнээр сонгогдсон бөгөөд өнгөрсөн онд Боловсролын сайдаар томилогдсон юм. Мөн өмнө нь Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв. Түүнийг Э.Макроны багийн “өсөж буй од” гэж үзэх нь бий

Францын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Г.Атталь нь тус улсын анхны ижил хүйстэн гэдгээ олон нийтэд ил тод зарласан Ерөнхий сайд юм. Мягмар гарагт болсон тангараг өргөх ёслолын үеэр тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалд өөрийг нь томилсон нь Э.Макроны залуучуудад үзүүлж буй итгэлийн бэлгэ тэмдэг гэж мэдэгджээ. Тэрбээр шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах чиглэлд шуурхай ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа ажиллаж буй Э.Макрон Ерөнхий сайд асан Э.Борнтой тэтгэврийн шинэчлэл болон бусад бодлогыг урагшлуулж байсан юм. Гэвч Э.Макроны нам парламентад олонхыг бүрдүүлж чадаагүйн дараа засаг захиргааг удирдахад бэрхшээлтэй тулгарах болжээ. Улмаар түүний засгийн газрын нэр хүндийн үзүүлэлт унах болоод байна.

 

Энэ жил Парисын олимп болон Европын парламентын сонгууль болох гэж байгаа тул Э.Макрон Г.Атталийг томилж, ерөнхийлөгчийн нэр хүндээ сэргээхийг зорьж байгаа бололтой гэж шинжээчид үзэж байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)