Францын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцууллаа
- 2024-01-12
- Дэлхий
- 0
ПАРИС, 2024 оны нэгдүгээр сарын 12 /Reuters/. Францын Ерөнхий сайдаар Габриэль Атталь мягмар гарагт томилогдсоны дараа шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг ерөнхийлөгчийн ажлын албанаас пүрэв гарагт танилцууллаа.
Европын парламентын гишүүн Стефан Сежурне Гадаад хэргийн сайдаар томилогдсон бөгөөд тэрбээр 2022 оноос хойш энэ албыг хашиж байсан Кэтрин Колоннагийн халааг авч байгаа тухай Францын ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ.
Харин Эдийн засгийн сайд Брюно Ле Мэр, Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен, Хууль зүйн сайд Эрик Дюпон-Моретти, Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорню нар албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаар болсон бол зарим албанд шинэ хүмүүс томилогдсон байна.
Тухайлбал, Приска Тевенот засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдож, Оливье Вераны халааг авна. Мөн 2023 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн сайд Орельян Руссо цагаачлалын тухай хуулийг эсэргүүцэн огцрох үед томилогдсон Аньес Фирмен-Ле Бодогийн оронд Катрин Вотрен ажиллахаар болжээ.
К.Вотрен мөн хөдөлмөрийн асуудлыг хариуцах тул түүний удирдах яамыг Хөдөлмөр, эрүүл мэндийн яам гэж нэрлэнэ. Ингэснээр тэрбээр өнгөрсөн оны тэтгэврийн шинэчлэлийн үеэр шүүмжлэлд өртөж байсан Оливье Дюссогийн суудалд суух юм.
Соёлын сайдаар Рашида Дати томилогдсон бол Марк Фесно Хөдөө аж ахуйн сайдын албан тушаалдаа хэвээр үлджээ. Амели Удеа-Кастера Спортын сайдын үүргийг гүйцэтгэхээс гадна Боловсролын яамыг удирдана. Даваа гарагт Элизабет Борн огцрох өргөдлөө өгсний дараа шинэ Ерөнхий сайдыг нэр дэвшүүлж, улмаар шинэ Засгийн газрыг эмхлэн байгууллаа. Ерөнхийлөгч Эммануэл Макрон Э.Борны огцрох өргөдлийг хүлээн авч, Боловсролын сайд Г.Атталийг түүний оронд томилсон юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)