УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
- 2024-05-03
- Улс төр
- 0
Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2024.05.02) үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хорооноос хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн батлах санал хураалтаар эхлэв. Энэ асуудлыг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүд асуулт, асууж, үг хэлж дууссан юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусгаж, тогтоолын төслийг эцэслэн найруулах нь зүйтэй талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чиглэл өгөв. Санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Тогтоол батлагдсанаар, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт явуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог татан буугдсанд тооцов.
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн нэг саналаар дахин санал хураалгах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн талаар онцлов. Байнгын хорооны хуралдаанаар тухайн саналаар дахин санал хураахад гишүүдийн дийлэнх олонх дэмжжээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос гаргасан хуулийн төслийн 9 дүгээр зүйлийн 9.18 дахь хэсгийг хасах саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд өргөн мэдүүлсэн Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөлд, зарим нэр томьёоны тодорхойлолт болон энхийг дэмжих ажиллагааны удирдлага, зохион байгуулалттай холбогдох зохицуулалтыг нарийвчлан тогтоож, Монгол Улсын Их Хурал, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчий жанжин штабын дарга болон цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрх, цэрэг, цагдаагийн баг, багийн захирагчийн нийтлэг эрх, үүрэг, энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэрэг, цагдаагийн алба хаагч, багийн нийтлэг үүрэгтэй холбогдох зохицуулалтыг шинээр оруулсан хэмээн онцлоод, Засгийн газар, мөн гадаад харилцааны болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхтэй холбоотой өөрчлөлт тусгагдсан талаар танилцуулав. НҮБ-ын сонгон шалгаруулалтад тэнцсэн бие бүрэлдэхүүнийг томилох, эргүүлэн татах болон энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн баг, албан хаагч оролцуулах, тэдний гүйцэтгэх үүргийн төрлийг шинээр тодорхойлсон байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд НҮБ-аас нөхөн олговор олгуулах, ээлжийн амралтаа эдэлж чадаагүй тохиолдолд мөнгөн урамшуулал олгох, үүрэг гүйцэтгэх хугацаанаасаа өмнө эргүүлэн татагдах тохиолдолд холбогдон гарах зардлыг гаргах тухай болон хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагатай холбоотой заалтуудыг оруулжээ.
Сайд Г.Сайханбаяр, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад Монгол Улсын хувь нэмэр, үүрэг оролцоо нэмэгдэж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцох эрх зүйн орчин боловсронгуй болно хэмээгээд, энхийг сахиулагчдын аюулгүйн болон эрх зүйн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх дээшилнэ гэдгийг онцлон тэмдэглэв.
Хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдыг ямар журмаар сонгон шалгаруулдаг, уг үйл ажиллагаанд оролцсоноор манай улсад болон тухайн цэргийн албан хаагчид ямар үр өгөөжтэй талаар асуулт асууж хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, хуулийн төслийн 4.4-д, тухайн цэргийн албан хаагчийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд өөр албан тушаалд өөртэй нь тохиролцсоны дагуу томилж, эргэж ирэхэд нь ямар албан тушаалд томилж ажиллуулах талаар, цэрэг цагдаагийн албан хаагч НҮБ-аас зарласан энгийн албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэх тухай зохицуулалт өмнөх хуульд байсан эсэх, энэ тохиолдолд заавал цэргийн албанаас чөлөөлөх, эсвэл энгийн албан хаагч нараас сонгон шалгаруулах эсэх, төслийн 7.1.6-д тусгасан НҮБ-аас олгосон нөхөн төлбөрөөс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардал болон Зэвсэгт хүчний ба цагдаагийн хөгжлийн санд төвлөрүүлэх хувь хэмжээ цаашид өөрчлөгдөх эсэх, цагдаагийн алба хаагчид Нэгдсэн цэргийн командлалын удирдлагад хамрагдах эсэх талаар тодруулан асууж, хариулт авчээ. Түүнчлэн, тус Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, энхийг сахиулах ажиллагаанд онцгой байдлын алба хаагчдыг оролцуулж, дэлхий нийтэд тохиолдож буй гамшгийн болон хохирлын голомтод ажиллуулах, туршлагажуулах, бэлтгэх шаардлага байгааг онцлоод, ийм боломж байгаа эсэхийг асууж, хариулт авсан байна. Мөн, цагдаагийн алба хаагчид энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох нь ямар давуу талтайг болон гамшгийн хохирлын дараах сэргээн босголтод батлан хамгаалах салбарын инженерийн рот, эмнэлгийн ротыг оролцуулах талаар баримталж буй Засгийн газрын бодлогын талаар асууж тодруулжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Бүгд Найрамдах Казахстан Улс хэрэглэж байсан сөнөөгч онгоцуудыг зарж байгаа талаар ярьж, үүнээс манай улс худалдан авч, зэвсэгт хүчнийхээ чадамжийг сайжруулахад ашиглаж болох эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Монгол Улсын энхийг сахиулагчдын ур чадварыг НҮБ-аас өндрөөр үнэлдгийг тэмдэглээд, хуулийг шинэчлэн найруулах шаардлага юу байсан, эмнэлгийг ажилтнуудыг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах эрх зүйн зохицуулалт бий эсэх талаар асууж, хариулт авлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос оруулсан саналын дагуу хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Сэтгэгдэл (0)