АН сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй

УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан нам оролцохгүй нь гээд нэг хэсэг нь бөөн л хөөр болцгоож байх шиг байна. Уг нь ч баярлаад байх зүйл биш л дээ. Монголын ардчиллын түүчээлэл, дархлаа бүдгэрч, Монголын улс төрийн нэг тулах багана нурахын цондон л болж байгаа хэрэг.

Монголын эдийн засаг, улс төр, авлигын болоод ардчиллын индекс өнөөдөр ямархан түвшинд байгааг аливааг наанатай цаанатай боддог хэн бүхэн мэднэ. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд тогтолцооны шинэчлэлийг хийлээ шүү дээ. Олон намын төлөөллийг хангах гэж, ардчилал, парламентын дархлаа, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг… баталгаажуулах гэж тэр.

Нөгөөтэйгүүр багагүй хугацаанд тун ярвигтай замаар туучсан Ардчилсан намын эв нэгдлийг монголчууд зүрх даран хүлээж суусан. Ардчилсан нам, ардчилал сэргэхийг тэсэн ядан хүлээж байсан. 2023 оны хоёрдугаар сард Дээд шүүх тус намын даргыг бүртгэхэд дан ганц АН-ын гишүүд дэмжигчид бус монголчууд нийтээрээ баяртайгаар хүлээж авсан. Ардчилсан нам одоо л нэг өндийх нь дээ гэж улс төр сонирхдог хэн бүхэн өндөлзөж суусан. Гэтэл нэр дэвшигчдээ тодруулах явц юу ч болчихов доо. Эв цавдаа нэгэнт орж чадсан хойно сонгуулийн тэр бүх ажлаа жин тан болгоод орохгүй дээ гэж нэг талаас урам хугармаар.

Нэр дэвшигчдээ тодруулж байгаа нүд халтирмаар гэмээр үйл явцыг олон нийтийн сүлжээгээр л нэг түгээж байна. Яахав, санаа зовниж харвал бас л байх шүүмжлэл, өнцөг мөн. Гэхдээ үнэхээр эргэлт, шинэчлэлийн төлөө ийн галтай, эртэй тэмцэж босч байна гэдэг сайхан талаас нь ч харахад нэг их буруудахгүй л байх. Яг энэ ир, оргилсон энэ үзэл бодлын болоод бусад тэмцлийн сууриас Ардчилсан нам л Монголд ардчиллыг авч ирж дээ гэдэг нь залуу үед анзаарагдам байлаа. Битүү, хаалттай, гишүүд дэмжигчдээ хайрцаглаж харизм, үзэл бодлын хувьд нунж дорой мэтээр хайрцаглаж байснаас шөвөлзөцгөөж босоод буруу зөвөө дэнсэлнэ гэдэг нь ардчилал гэж л цагаатгахаас.

Гэхдээ одоо бид болж өнгөрсөнд төвлөрөх бус Ардчилсан намыг сонгуульд оролцох эсэхэд л төвлөрөх хэрэгтэй байна. Учир нь монголчууд бидэнд энэ чухал. Бид чухал цаг үед, чухал улс төрийн хүчнийг тойргийн гадна орхиод “тоглоно” гэдэг юу гэсэн үг вэ.

Хэрвээ Ардчилсан нам сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг нэн тэргүүнд ойлгомоор байна. Өөрөөр хэлбэл, шинээр байгуулагдах манай төр засгийг дэлхий нийт хууль бус гэж үзнэ. Хууль бус Засгийн газартай хэн гэрээ хэлцэл хийх вэ. Наанадаж л бидний хүслэн болчихоод байгаа гадаадын хөрөнгө оруулагчид итгэж орж ирэх үү. Эсвэл зугтах уу. Олон улсын зээл тусламж, дэмжлэг, дэлхийн худалдааны гэрээ хэлцэл яаж өрнөх бол. Донор орнуудын байгууллагууд санхүүжилтээ хэрхэх бол… Мэдээж бүгд зогсоно. Энэ нь Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд сүйрлийн байдалд орж хоёр хөршийн дагуул орон болох нөхцөл бий болно.

Тиймээс Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохгүй нь гээд гуяа алгадаад гүйх нь даруухан хэлэхэд баярлаад байх хэрэг биш. Яалт ч үгүй л Ардчилсан нам сонгуульд оролцох ёстой. Тэгэхгүй бол Монголын хувь заяа тусгаар тогтнол ардчилал “балартана”.

Ардчилсан намынхан ч өөрсдөө сонгуульд оролцох гэж зүтгэх хэрэгтэй. Танайх Монголын улс төрийн өнгөнд яваа, Монголын сонгогчдын жинтэй хувийг эзэлдэг, олон нийтэд сөрөг хүчин гэж хүлээн зөвшөөрөгдөөд хэдэн арван жилийг ардаа үдчихсэн учраас оролцох нь та нарын үүрэг. Үүргээ ухамсарлаж, биелүүлэх л хэрэгтэй. Тиймээс дотроо нэн тэргүүнд учраа олж үүргээ одоо биелүүлцгээ.

Үүнээс гадна Сонгуулийн ерөнхий хороо ч гэсэн Ардчилсан намыг оролцуулах талаар хичээж ажиллах хэрэгтэй байна. Мөн нэг нам давамгайлчихаад байгаа өнөөгийн УИХ үүнд анхаарах ёстой. Та 76 гишүүн бол улс орны ирээдүйн хувь заяаны төлөө ажиллана гэж тангараг өргөж олны итгэлийг авсан улс. Тиймээс улс төрийн тогтолцоотой холбогдохуйц, олон улсад нэр нүүр гарах энэ асуудалд маш өөриймсүү хандмаар байна. Болохгүй бол зарим хууль журамд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй. Учир нь манай Сонгуулийн хууль их хатуу. Аль болох оролцуулахгүй байх заалттай. Тиймээс өнөөгийн УИХ дараагийнхаа төр засгийг хорлож болохгүй. Хорлох эсэх нь одоогийн УИХ-ын мэдэлд байна.

Ер нь энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш, Монголын ирээдүйн асуудал. Монголыг дэлхий нийт Азийн цээжин дэх ардчиллын баян бүрд хэмээн үнэлдгээ аль хэдийнэ зарлачихсан. Мэдээж Азийн цээжин дэх ардчиллын баян бүрдийн гол эзэн АН. Үүнийг ярихаар АН-ынхан ардчиллыг өмчиллөө гээд л олон тайлбар хийцгээдэг л дээ. Гэхдээ АН ардчилагч гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн. Яаж ч үгүйсгэсэн түүхийг арилгана гэж байхгүй шүү дээ. Бид муу хэлэхийн тулд АН-тай, АН-гүй болно гэцгээдэг. Үгүй. Бас ч гэж Монголын сонгогчдын жин дарах хувийн дэмжлэгтэй, хүний эрх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, ардчиллын үнэт зүйл, үзэл суртлын жанжин шугам болж яваа учраас хөгжсөн орнуудын үзэл санаа нэгт байгууллагууд АН-тай хамтарч ажилладаг юм шүү дээ.

Өнөөдөр АН-ын дарга АНУ-д эсвэл ХБНГУ-д юмуу, гуравдагч орон болох Япон, БНСУ-д яваад очиход яаж хүлээж авч, ямар яриа өрнөдөг билээ. Энэ УИХ-ын сонгуульд оролцох, гарын үзүүрт ойр байгаа Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам ч юмуу, Ардчиллын шинэчлэл нам ч гэдэг юмуу тэдний удирдлагууд очиж байв уу. Дэлхийд хөгжлөөрөө ноёрхож яваа орны, эсвэл гуравдагч хөршийн, бүр хөрш орнуудын аль намын, эсвэл улс төрийн өндөр дээд алба хааж байгаа хэнтэй нь уулзаж, ямар яриа өрнүүлж байсан билээ. Ардчилсан нам л энэ бүгдийг хийж чаддаг. Энэ Ардчилсан намын хүлээн зөвшөөрөгдөлтийн наад талын жижиг кэйс биш үү. Мэдээж бусад орны нэр нөлөөтэй үзэл санаа нэгтэй улс төрийн хүчнүүдтэй өндөр дээд түвшний харилцаа институци ихтэй гэдгийг хэн бүхэн мэдэх болохоор ингээд үлдээе. Эцэст нь дахин хэлэхэд, АН сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс АН дотроо учраа олж, бусад инситуциуд сонгуульд оролцуулах талаас нь ажилламаар байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • mnbvcб (127.0.0.1)

    2024-05-29

    Хулгайч луйварчидын бүгдэг газар болсон хууль шүүхээс зугтасан гэмт хэрэгтэнүүдийн аврал н их хурал...

  • (127.0.0.1)

    2024-05-29

    Их юмаараа боох нь араатан төрхийн зандалчдыг өөгшүүлдэг бүр дотор нь шургалсан бүлэг

  • Бат (127.0.0.1)

    2024-05-29

    Сонгуульд орох боломж байгаа орохгүй бол тэр л биз чухамдаа ардчилсан нам л ардчилал авчираагүй тэр үеийн дэлхийн хандлага л тэр байлаа

  • зочин (127.0.0.1)

    2024-05-29

    ардчилсан хулгайч нарыг хэн тоох вэ дээ