Бүлэглэл 10, 11 дүгээр тойрогт бүх хүчээ хаяж байгаа гэв үү?

Улс төрийн хүрээнд “Бүлэглэл УИХ-ын сонгуулийн 10, 11 дүгээр тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүргийг анхааралдаа авсан. Тэнд бүх хүчээ байршуулж байна. Тийш нь ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж эхэлсэн. Бүлэглэлийг алсаас удирдаж байна” гээд эрчтэй яригдаад эхэллээ.

 

Улс төрийг ухаж ойлгодог хийгээд дунд нь явдаг хүмүүст бол тов тодорхой мэдээлэл бололтой. Харин улс төрөөс хол нэгэнд ойлгоход хүндрэлтэй л яриа сонсогдов.

 

Тэгэхээр эхлээд “Алсаас удирдлагатай бүлэглэл” гэсэн нь ямар учиртай болохыг, “Бүх хүчээ байршуулсан”, “Хөрөнгө мөнгө зарцуулж эхэлсэн” гэдэг нь юу гэсэн үг болохыг онож ойлгох хэрэгтэй бололтой. Гэхдээ энд яригдаж буй бүлэглэлийг хайгаад байх шаардлагагүй аж. Энэ талаар нэлээд хэдэн жилийн өмнөөс олон улстөрч тодорхой ярьж иржээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн байхдаа “Үндсэн хуулиас давсан бүлэглэл эрх ашгаа тулгадаг байдлаас гарах цаг нь болсон. Хэт их шуналаас үүдэн улс төрийн бүлэглэлүүд тэмцэлдсээр байна. Би хаалттай хуралдаан дээр “Та нар хөрөнгөтний хувьсгал хийж чадахгүй бол пролетарийн хувьсгал зайлшгүй шүү” гэдгийг хэлсэн” гэж байв.

 

БНН-ын дарга Б.Жаргалсайхан “МАНАН бүлэглэл гуравдагч хүчинд дургүй. Ихэнхийг нь хөл орохоос өмнө хөнөөчихдөг” гэсэн байдаг.

 

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Бүлэглэл байна гэдгийг чинь бүгд мэддэг болчихсон. Тэрний фракц, бүлэглэл гэх мэтээр хэдийнэ мэддэг болчихсон. Цөөхөн хэдхэн олигархийн гарт төр орно оо гэдгийг би олон жилийн өмнө хэлж байсан” гэсэн нь ч бий. Мөн ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж “АН-ын Үндэсний дэвшлийн фракцад багтдаг цөөн тооны асар их мөнгөтэй хүмүүс манай Хотын фракцад ордог нууцлагдмал хоёр, гурван хүн нийлж Эрдэнэтийн 49 хувийг авсан. Энэ их хуйвалдааны цаад талд мөрийтэй тоглодог бүлэглэл бий, Ц.Элбэгдорж тэргүүтэй. Хуйвалдаж мөрийтэй тоглодог, алддаг, хойно нь Монгол төрийг цөлмөдөг. Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж, Дархан, Сэлэнгийн районы үйлдвэрийг хамсан. Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөг. Монросцветметээр дамжуулж Алтай Таван Богдоос Бор-Өндөр хүртэл өнгөт металлын 50 гаруй буюу бүх тусгай зөвшөөрлийг цөлмөсөн. Улаанбаатар хотын банк чинь М.Энхболдын байгуулсан банк. Сахал Д.Эрдэнэбилэгт үнэгүй очоод алга болсон. Т.Бадамжунайгаар дамжсан энэ бүлэглэл асуудлыг тав, арван жилээр шийддэг” гэж байв.

 

УИХ-ын дарга асан З.Энхболд ч “Шүүхэд том бүлэглэлүүд нөлөөлж, хэрэг биш зүйлийг хэрэг болгож байна. MCS компани, Энержи Ресурс, Шинхуа, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг эд нар бүгд нийлж байгаад Эрдэнэс Тавантолгойг үнэгүйгээр хувьчилж авахыг оролдлоо шүү дээ.

 

Би есөн жилийн өмнөх юм ярьж байна. 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны УИХ-ын чуулганыг. Энэ бүлэглэлийн өс хонзон явсаар байгаад өнөөдөр шүүхийн тогтоол болж хэрэгжлээ. Тиймээс бүлэглэлийн өгч байгаа ял гэж би хэлээд байгаа юм” гэж байв. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг засаж, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар хичээж, авлигатай нам харгалзалгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар ирлээ.Монголчууд бидний итгэмтгий, уйдамхай, өрөвч занг ашиглан баялгийг нь, газрыг нь, нийтийн өмчийг нь, шүүхийг нь, намыг нь, төрийг нь хэдхэн хүн өмчлөн авч, аалзны шүлс мэт хэрсэн авлигын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж эхэлж, мөсөн уулын оройг харж эхэлж байна. Баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх хэсэг нь л Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон түүний харьяа стратегийн ордууд, Оюу толгойн Дубайн гэрээ ба 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын асуудал, Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан” гэсэн байдаг.

 

Ер нь бол ингэхээр “Бүлэглэл” гэнгүүт энд яригдсан “субьект” тархинд шууд бууж байна. Цаашлаад “Алсаас удирдаад байгаа” гэдэг ч бараг ойлгогдохоор болчихож байгаа юм. Гэвч тэднийг “Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг мөн Сонгинохайрхан дүүрэгт хөрөнгө, хүч хаяж, байршуулж байна” гэдэг ямар учиртай нь одоогоор тодорхойгүй байна.

 

Тайлж хэлсэн хүн алга. Харин “Бүлэглэл яагаад 10, 11 дүгээр тойргийг онилсон бэ” гэдэг асуулт л их байна. Тэгвэл “Бүлэглэлийн овоо хараанд орсон” гэгдээд байгаа энэ гурван дүүрэг бол УИХ-ын сонгуулийн 10, 11 дүгээр тойрогт хамаардаг. Тодруулж хэлбэл Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг багтдаг УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Г.Дашням, М.Оюунчимэг, Н.Учрал, Д.Цогтбаатар нар, АН-аас Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, Х.Болормаа, Д.Бадарсан, Ц.Баатархүү, О.Баасанхүү нар нэр дэвшиж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийг хамаардаг УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас Н.Алтаншагай, Э.Батшугар, Ч.Номин, П.Сайнзориг, Н.Хүрэлбаатар нар, АН-аас Н.Алтанхуяг, Ж.Отгонбаяр, Н.Амаржин, Ц.Уянга, П.Галиндэв нар нэр дэвшжээ. Эдгээр 20 гаруй хүн дээрх хоёр тойрогт нэр дэвшиж өрсөлдөж байна. Хамгийн гол нь “Алсаас удирдуулж буй бүлэглэл” анхаарал тавьж, хамаг хүч хөрөнгөө цацаад байгаа нь эдгээр нэр дэвшигчидтэй холбоотой юу. Аль эсвэл өөр шалтгаантай юу. Энэ асуултад цаашид үргэлжлэн өрнөх үйл явдлууд л хариулт өгөх бололтой.

 

 

З.БОЛД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • MAXH (127.0.0.1)

    2024-05-30

    MCS ЯАГААД ХЭЗЭЭ Ч ШАЛГАГДАХГҮЙ БАЙХАД ГАРАМЖАВИЙГ БОЛОХООР БАРИАД ЯВЧИЖ БАЙГАА ЮМ БЭ