Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжжээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.  
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр энэ талаарх саналаа ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах тухай албан бичгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнгийн Занданбатыг зургаан жилийн хугацаагаар томилсон бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байх зохицуулалттай бөгөөд нөхөн томилогдсон этгээд нь жил хүрэхгүй хугацаанд ажиллана гэдгийг онцолж байлаа.  

Дэлэгийн Загджав нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалыг эрхэлдэг бөгөөд холбогдох хуульд заасны дагуу Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасан нөхөн томилох үлдсэн хугацаанд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг танилцуулж байна  гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)