76 гишүүнтэй сүүлчийн парламент
- 2024-06-07
- Улс төр
- 0
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан найм дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөж байна. Тэд түүхэнд 76 гишүүнтэй хамгийн сүүлчийн парламент гэдгээрээ тэмдэглэгдэн үлдэнэ. Мөн энэ удаагийн парламент алдаа оноотой ч олон шинэчлэлийг хийж чадлаа. 76-тай сүүлчийн парламентын онцлогоос тоймлон хүргэж байна.
Ангийн даргын амбиц
Энэ парламентын өнгө төрхийг УИХ-ын дарга Г.Занданшатар их аятайхан тодорхойлж, тохируулсан гэхэд болно. Тэрээр УИХ-ын даргаар парламентын хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан анхны хүн. Түүнийг "шинэчлэгч" хэмээн тодорхойлдог. Яагаад гэвэл түүний амбиц, үзэл баримтлал энэ үгтэй салшгүй холбоотой. Үндсэн хуулийн үзэл баримтлал дор, УИХ-ыг орчин үеийн дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлэн шинэчлэл хийх зорилт дэвшүүлэн ажилласан байдаг. Энэ шинэчлэлийн үзэл санаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнийг амилуулж хэрэгжүүлэх эрх зүйн шинэчлэл болох Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг шинэ шатанд гаргах, Цахим шилжилт хийх, хүний эрхийг дээдэлж, хууль бүхэнд хүний эрхийг амин сүнс болгон суулгах, шударга ёс, хуулийн засаглалыг төлөвшүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хийж буй эрх зүйн шинэтгэлийг хийлээ. Эдгээрээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, парламентын хяналт шалгалтын чиг үүргийн шинэ тогтолцоо, цахим парламент болох, ард түмний засаглах эрхийг хангах зөвлөлдөх ардчиллын зарчмыг нутагшуулах гэсэн дөрвөн шинэчлэлийг онцолж болох юм. Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатарын амбиц энэ парламентад бараг л биеллээ олсон байна. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хаалтын үеэр "Манай парламент батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, ажил хэрэгч парламент байж чадлаа. Ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох шинэчлэлүүд хийж, шударга ёсны төлөөх нийгмийн давалгааг эрх зүйн шинэчлэлээр дэмжсэн нь цэгцрэх хөдөлгөөнийг түрж, түүчээлсэн манлайлал болж чадсан. Тиймээс шинэтгэгч парламент болж түүхэнд үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн товчхон хэрнээ томхон дүгнэлтийг хийсэн.
Сөрөг хүчин сөрж чадсан уу?
АН-аас энэ парламентад 11 гишүүн сонгогдож, бүлэг байгуулсан. Түүн дээр ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, бие даагч нар болох Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар нэмэгдэж, парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ажилласан. Хүчний харилцаа тун ялгаатай учраас хүчтэй сөрөг хүчин байж чадаагүй гэж олон нийт дүгнэдэг. Мөн АН-ын бүлэг дотроо нэлээд нанчилдаж, бүлгийн даргын өрөө, сандал суудлаа булаацалдан зодоон болж байсан удаатай.
72-уулаа “төгсөв”
Энэ парламент 72 гишүүнтэй бүрэн эрхийн хугацаагаа өндөрлүүлэв. Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Нийслэлийн Засаг даргаар томилогдов. Өмнө нь Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Мөнхбат, Чингэлтэй дүүргээс сонгогдсон Т.Аюурсайхан, Өмнөговь аймгаас сонгогдсон АН-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Ингэснээр найм дахь удаагийн парламент 72-уулаа төгслөө.
Гүйцэтгэх засаглалдаа “найр тавьсан” парламент
Үе үеийн парламент болон Засгийн газар, төрийн шат шатандаа байгаа авлига хээл хахууль, хүнд сурталтай тэмцэнэ гэдэг. Хэдийгээр парламент гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих ёстой ч зорилго нь зөв зүйл дээр нэг цэгт огтлолцож байгаа тул энэ удаагийн парламент эрх зүйн шинэчлэл, хуулийн орчноо хийдэл, хийрхэлгүйгээр бүрдүүлж, гүйцэтгэх засаглалаа болохгүй бүхний идээ бээрийг шахах нөхцөл, боломжоор хангаж өгсөн гэхэд болно. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ, Засгийн газрын нэг зүгт харсан нэгдмэл хүч, өнгөрсөн жилүүдийн буруу муу бүхнийг засан өөрчлөх тууштай тэмцлийн үр дүнд Монголын нийгэмд урхагшсан утаа манан сэмэрч байна. Энэ бол зөвхөн эхлэл. Сэмэрсэн мананг хөөж, Монголын тэнгэрийг цэлмээх ёстой” гэсэн бол Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Энэ парламент маш онцлогтой байлаа. Олон жил бугшсан авлигын асуудалтай нам харгалзахгүй тэмцэж олон асуудлыг ил тод болголоо.
Дараалсан олон сонсгол хийж, олон санг ил болгож, эрх зүйн орчноо чанга болгож, УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэдэг шийдвэр гаргаж чадсан. Олон намын төлөөлөлтэй парламенттай байхын тулд улс төрийн зөвшилцөл рүү явсан. УИХ-ын гишүүд тойрогт очоод гишүүдийн тоог нэмэх тухай ярихад хүнд байсан. Гэсэн ч илүү олон ургальч үзэлтэй, нийгмийн сегментийн төлөөллийг хангаж чадах нь туйлын чухал байсан. Бид хийж чадсан. 76 гишүүнтэй парламентыг түүх болгон үлдээж, холимог тогтолцоотой 126 гишүүнтэй парламенттай болох эрх зүйг Үндсэн хуулиараа баталгаажуулж чадсан. Олон жил ярьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж чадсан. Байгалийн баялгаасаа хувь хүртэх, байгалийн баялгаа ашиглуулж байгаа орон нутаг түрүүлж хөгжих, боломжтой эрх зүйн суурийг баталсан” гэдгийг онцолсон билээ.
Сонсголууд
Төрийн нууц, улсын нууц нэрээр тамга дарж, ард түмнээс нууж, хувийн эрх ашгаа дэмжсэн шийдвэр гаргадаг байдлыг илчилсэн сонсголуудыг энэ парламент зохион байгууллаа. Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг нууц байсныг ил болгон, Монголын парламентын түүхэнд анх удаа нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулсан. Энэ сонсголоор Монгол Улсад тогтсон улс төр, бизнес, банк санхүү, хууль хяналт гэсэн схемээр авлигын мафийн үнэн нүүр царайг илчилж чадсан. Дараа нь нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулж, дахин нэг “бөмбөг” дэлбэлэн, хариуцлага тооцох, ард түмний өмч байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн зүй зохистой ашиглах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх сонсгол болсон билээ. Саяхан "ногоон" автобус, эмийн чанар, үнийн өсөлттэй холбоотой сонсгол зохион байгууллаа. Сонсголоор олон нийтийн эрх ашгийг хөндсөн, асуудал дагуулсан, авлига, албан тушаал, эрх мэдэл, давуу байдлаа ашигласан олон зөрчил, хэргийн сэжүүр гарсан ч сонгуулийн дуулианд дарагдсан байж болох ч ямар ч гэсэн сонсгол гэдэг шинэ хяналтын тогтолцооны суурийг тавьж чадлаа.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)