“Муу жаал” гээд үхэхэд гарзгүй гэж хэлж болохгүй л дээ…

Хорих ангид бие нь муудаж, нас барсан талийгаач О-ийн амь насаа алдсан хэрэг шуугиан тарьж байна. Цэл залуухан дөнгөж 21 настай хүүхдээрээ шахуу залуу яагаад хорих ангид нас барав гэдгийг мэргэжлийн болоод хууль хяналтын байгууллагаас нарийн шалгалтын ажлыг үргэлжлүүлсээр л байх шиг байна. Ер нь ялтан, хоригдол ч бай жирийн иргэн, ард ч бай хүний амь нас гэдэг халдашгүй дархан байх ёстой. Шоронд байхдаа амь насаа алддаг, эрүүл мэнд нь мууддаг тохиолдол өмнө олон гарч байсан. Тэр болгонд яг юунаас болов, иргэний амь насаа алдах суурь шалтгаан нь юу байв гэдэгтэй холбоотойгоор янз бүрийн хардлага, хууль бус асуудлууд яригдаж ирсэн.

Тэгэхээр иймэрхүү асуудлыг баримттайгаар тодорхой болгох ёстой гол байгууллага бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар. Гэтэл энэхүү 21 настай хүүгийн амь насаа алдсан хэргийн талаар ШШГЕГ-аас өмнө Цагдаагийн байгууллага гэнэт гарч ирэн яаран сандран мэдээлэл хийж байгаа нь цаанаа ямар нэгэн хууль бус үйлдэл явагдсан юм биш байгаа гэсэн иргэдийн хардлагыг улам сэдрээлээ. Учир нь талийгаач О-ийн хувьд энэ оны эхээр цагдаагийн алба хаагчид эрүүдэн шүүсэн талаарх гомдлоо Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байсан. Улмаар АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байх үеэр гомдол гаргасан иргэн О амь насаа алдлаа. Үүнээс болоод зарим иргэд болон талийгаачийн ар гэрийнхэн, найз нөхөд нь эрүү шүүлтээс болоод миний хүү, миний найз амь насаа алдлаа гэдэг зүйлийг хэлэх болсон. Тиймээс О-ийн амь насаа алдсан асуудал тодорхой болоогүй байхад Цагдаагийн байгууллага яагаад яаран сандран мэдэгдэл хийв гэж гайхах хүмүүс олон байна. Ер нь цагдаагийн алба хаагчтай холбоотой ёс зүйн зөрчил, хууль бус үйлдэл, аливаа гэмт хэрэгт холбогдох тохиолдол нийгэмд олон гарах болсон. Юуны өмнө Монголын цагдаа аливаа хэрэгтэй холбоотой, тэр дундаа хүний амь нас эрсэдсэн асуудлаар мэдээлэл хийхдээ ёслол, хүндэтгэлийн дүрэмт хувцастай гарч ирдгээ одоо болих хэрэгтэй. Та бүхэн иргэний амь насыг хамгаалах тангараг өргөсөн хүмүүс. Та нарыг ард түмэн Монгол төрийн цагдаа хэмээн хүндэтгэдэг. Харин та нарт иргэдээ хүндэтгэх наад захын ёс зүй гэж байна уу.

Энгэрээрээ дүүрэн шагнал, одон медалиа гялалзуулчихаад амь насаа алдсан иргэний ар гэрийнхэнд сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлэх нь битгий хэл “Наадах чинь ер нь муу жаал байсан шүү дээ. Муу хүн юм чинь үхэхэд гарз байхгүй” гэх маягийн хандлагатай байж болмооргүй байна. Яг ингэж хэлээгүй ч та нарын байгаа байдал, хийж байгаа мэдэгдлээс чинь ийм хүнлэг бус хуучин нийгмээс үлдсэн хандлага тодорхой харагдлаа. Олон хүн энэ хандлагыг чинь шүүмжилж сошиалд сэтгэгдлээ үлдээн бичиж байна. Цагдаагийн байгууллага хүний хувийн мэдээлэл хариуцагчийн үүрэг хүлээдэг. Гэтэл та нар хэрэгт ямар ч ач холбогдолгүй хохирогчийн эмзэг мэдээллийг олон нийтэд зарлалаа. Магадгүй талийгаач О энэ оны нэгдүгээр сард үнэхээр цагдаагийн алба хаагчдад зодуулж, зодуураасаа гэмтэл авч, улмаар нас барах суурь шалтгаан нь болсон байхыг үгүйсгэхгүй.

Нөгөө талдаа О-ийн хувьд эрүүл мэндийн шалтгаантай ч байсан байж болно. Уг асуудал нь тодорхой болоогүй байхад Цагдаагийн байгууллагаас иргэн О өмнө нь тийм тийм ял шийтгэл авч байсан, сая Эрүүгийн хуулийн тэдэн заалтаар буруутгагдаж хоригдон шалгуулж байсан. Ер нь хулгайч, танхай этгээд гэх зэргээр хэлэх ямар шаардлага байв.

Спортоор, тэр дундаа хөлбөмбөгөөр хичээллэдэг, гадаад, дотоодын олон тэмцээнд оролцож явсан 21-хэн настай эрүүл саруул хүүгээ яагаад гэнэт амиа алдах болсон шалтгааныг Монголын цагдаагаас ар гэрийнхэн нь асуулаа. Та нар хуулийн дагуу шалгалтын ажлаа явуулаад шалтгаан нөхцөлөө баримттайгаар ар гэрийнхэнд нь хэлэх үүрэгтэй.

Гэтэл тэр хүүг өмнө нь ял шийтгэл эдэлж байсан зэргээр нийгэмд “муу жаал” болгон харлуулах ямар зорилго байсан юм бэ гэж ард түмэн та нараас хоолойгоо сөөтөл асууж байна. Амиа алдсан иргэний ял шийтгэлтэй байсан эсэх буюу хувийн эмзэг мэдээллийг гагцхүү ар гэрийнх нь зөвшөөрөлтэйгөөр л та нар баримт болгож ярих ёстой байх.

Иймэрхүү арьсаа хамгаалах гэсэн олон удаагийн үйлдлээс чинь болоод цагдаад, цаашлаад Монголын төрд итгэх хүн ховордсоор байна. Бүх насаараа хорих ял авсан ялтан ч амьд явах эрхээ та нараар хамгаалуулах хуультай. Хоригдол гэхээр хүн биш гэж боддог. Үүнийгээ Монголын цагдаа засах хэрэгтэй. Өнөөдөр Монголын цагдаа нараас колоничлогч орны эрх баригчдыг хамгаалсан ийм хуучин цагийн хандлага, зан авир илт цухалцах болсон. Энэ бол социализмын үеийн зан авир шүү. Тэр үеийн буюу ЗХУ-ын колони орнуудын цагдаа нар эрх баригчдынхаа эрх ашгийг хамгаалсан, зөвхөн тэдний талд л үйл ажиллагаа явуулдаг байсан. Яг ийм хандлага, зан авир өнөөгийн Ардчилсан Монгол Улсын цагдаа нарын хандлагаас ил тод гарах боллоо. Угтаа тэр үетэй өнөөг харьцуулбал бүх зүйл 180 хэм өөрчлөгдчихсөн. Гэтэл ийм хандлага байсаар байгаа нь тогтолцооны гажиг гэлтэй. Тиймээс үүнийг засах хэрэгтэй.

Цагдаа гэдэг бол бидний адил ард түмний л нэг хэсэг. Цагдаа гэдэг бол мэргэжил болохоос эрх мэдэл огт биш. Манай цагдаагийн хандлага нийгмийг зөвхөн гэмт үйлдэл хийхийг эрмэлзэж байдаг олонхын бөөгнөрөл. Тийм учраас дарж байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй болчихсон. Яаж ч дарсан хамаагүй гэсэн сургаалтай аж.

Тийм учраас л тэр чинь тийм “муу жаал” гэх зэргээр асуудалд хандаж өөрсдийгөө өмгөөлж чадаж байна. Ингэж мэдэгдэл хийсэн цагдаагийн алба хаагч болон ийм агуулгаар нийгэмд мэдээл гэж үүрэг өгсөн дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Ямар нийгэмд амьдарч, хэний төлөө тангараг өргөснөө цагдаагийн зарим алба хаагчид одоог хүртэл мэддэггүй бололтой. Мэддэггүй алба хаагч нартаа мэдүүл, ойлгуул. Хуулийг шүтүүл.

Э.МӨНХТҮВШИН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)