Бид яаж амьдраад байна аа…
- 2024-08-05
- Нийгэм
- 3
Хилийн дээс алхсан хүн бүрийн амнаас “…бид яаж амьдраад байгаа юм бэ. Энэ хүмүүс яаж амьдраад байна аа…” гэдэг үг нийтлэг гардаг. Адаглаад урагшаа Замын-Үүдээр хил гарч Эрээн ороход л уулга алдаж, өөрсдийнхөө амьдарч байгаа орчиндоо дургүй нь хүрсэн монголчууд олон. Бүр цаашлаад Бээжин, Шанхай, Сингапур, Солонгос, Япон, Америк гэж явбал бүр ч урам хугарч, яаж амьдраад байгаагаа ч ойлгохоо болино. Бидний зарим нь муу хэлээд, муухайг нь гайхаад байдаг Станы орнууд ч Монголоос хол тасархай хөгжилтэй улсууд болцгоосон байна. Тусгаар тогтнолоо зарлаад удаагүй Узбекистаны нийслэл Ташкентад л гэхэд улаанбаатарчуудын мөрөөдөл болсон метро хэд хэдээрээ байх шиг. Дэлхийд дампуурлаа зарласан Шри-Ланкийн хамгийн том хот болох Коломбо нь Улаанбаатар хотыг бодоход Өмнөд Азидаа дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн орнуудын тоонд ордог. Энэ мэт амьдрах орчин, бизнес хийх боломж, амьжиргааны түвшин гээд бүх зүйлээрээ Монгол Улс дэлхийгээс алсарсаар байна.
Улаанбаатар хот нэгэн цагт Азийн цагаан дагина гэж хэлэгддэг байсан тэр үед бүс нутгийнхаа улс орнуудын хөгжилтэй эн тэнцүү алхаж явсан. Гэтэл сүүлийн гуч гаруйхан жилд бидний амьдрал тэс өөр боллоо. Бүс нутагтаа адилхан хөгжиж явсан улс орныхоо хөгжлөөс хэдэн арван жилээр хоцорч, амьдрах орчин, хөгжлийн индексээрээ тэнгэр газар шиг ялгаатай болтлоо өөрчлөгдсөн. Үүнд хэн буруутай вэ. Хэн хариуцлага үүрэх ёстой вэ. Хэн хариуцах байсан бэ. Мэдээж Монголын төр. Улс орны хөгжлийн бодлогыг төр, засаг нь тодорхойлж явдаг. Тэр дундаа ард түмний төлөөлөл болж төр түшилцэн, төрийн бодлогыг тодорхойлж явсан үе үеийн улстөрчид үүнд хариуцлага үүрэх ёстой. Өдийг болтол хэн ч хариуцлага үүрч байгаагүйгээс болж Монгол Улсын хөгжил дампуурлаа зарласан улсаас ч долоон дор явж байна. Хөгжлөөрөө бусад улс орноос хол хоцорсон, улс оронд нь шударга ёс алдагдсан, авлига, хулгай гаарсан ийм нийгмийн иргэдийнх нь амьдрал яаж олигтой байх билээ. Төр засгийн царай харалгүйгээр өөрсдөө ажил, хөдөлмөрөөрөө сайхан амьдаръя гэж хичээгээд ч гадаад орнуудын иргэд шиг хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа нь үнэн.
Эх орондоо сайхан амьдарч байна гэж бодож байгаа хүн цөөнгүй байгаа л байх. Яг ийм бодолтой хүмүүс гадагшаа хэд хэдэн улс орноор аялаад ирэхдээ өөрсдийнхөө амьдралыг бодитоор үнэлж, харьцуулж боддог. Сайхан амьдарч байна гэж бодсон хүмүүсийн ихэнх нь татварын дарамт, төрийн хяналт, шалгалт, хүнд суртал гээд байгаа орчиндоо бүх талаараа дасан зохицсон байдаг нь харамсалтай. Монголд бизнес хийгээд ашигтай ажиллах хүртлээ хэдэн арван саад бэрхшээлийг даван туулдаг гэдэг үг бий. Нэг үгээр хэлбэл, ашигтай ажиллах, амжилттай явахын тулд тухайн хүнээс асар их биеийн болон сэтгэл санааны хүнд хөдөлмөр зарцуулагддаг байна. Гэтэл бусад улс орнуудын иргэдэд нь бизнес хийх сонирхол, зорилго чиглэл нь тодорхой байхад л ашигтай, амжилттай ажиллах боломж нь бүрдэж эхэлдэг. Ийм улс оронд иргэн хүн ажил хийж сайхан амьдарна гэдэг зарчмыг төр нь бодлогоор дэмждэг бол манайд эсрэгээрээ ажил хийхгүйгээр сайхан амьдарч болно гэх хандлагыг төр нь бодлогоор дэмжиж ирж.
Үүнд л Монгол төрийн бодлогын гол алдаа байна гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Энэ нь ч үнэн байх. Нөгөөтэйгүүр монголчууд цөөхүүлээ. Гэхдээ Монгол туургатан олуулаа. Дэлхий даяар нийт 10 гаруй сая монголчууд бий гэдэг. Өмнөд Монгол, Тува, Буриад, Халимаг гэх мэт. Гэтэл эдгээр монголчууд Монгол нутагтаа, Монголдоо амьдрахаас төвөгшөөдөг. Монголд амьдрах хэцүү, та нар харин яаж амьдраад байгаа юм бэ гэж биднээс асуудаг. Үнэхээр Монголд сайхан амьдрах боломж нөхцөл нь байсан бол тэд юу гэж хүний нутагт, элгэн саднаасаа хол тархан амьдрах билээ дээ. Өргөн уудам нутагтай атлаа өтгөн шингэн нь дүүрсэн алга дарам газарт утаандаа угаартаж, өтөндөө баригдан амьдарч байна.
Мэдээлэл, технологийн эрин зуун хүчээ авч, аж үйлдвэржилт, хиймэл оюун ухаан зэргээр дэлхийн улс орнууд нэгэнтэйгээ өрсөлдөж байхад монголчууд модон жорлонгоосоо салаагүй байна. Бид үнэндээ ингэж амьдармааргүй байна. Монголчууд бид Катар, Макао, Люксембург, Сингапур, Норвеги, Арабын Нэгдсэн Эмиратын иргэд шиг ийм улс оронд амьдармаар байна. Хэзээ болтол модон жорлон, авлига, хулгай, төрийн дарамтан дор хагас дутуу ардчилалтай амьдрах юм бэ.
Шинээр сонгогдсон парламентын гишүүд, хамтарсан Засгийн газар улс орныхоо хөгжилд одоо анхаарах цаг нь болсон.
Эдийн засаг хүнд байна гэж ярих эрх та нарт байхгүй. Гурван сая хүнийг аятай тухтай, сайхан амьдруулах, улс орныхоо хөгжлийг нэмэгдүүлэх боломж та нарт хангалттай байгаа. Хулгайч, авлигачтайгаа бодитой, зоригтой, хатуухан тэмц. Тэмцэх, хариуцлага тооцох эрх дархыг чинь ард түмэн хангалттай олгосон. Та нарт хүч дутна гэж лав байхгүй. Харин сэтгэл, зориг дутаж байгаа нь үнэн. Тиймээс асуудлуудаа шийдэхийн зэрэгцээ алдаа гаргасан албан тушаалтнууддаа оногдох хариуцлагыг нь тооцоод явцгаа.
Монголд шийдэгдэхгүй уддаг, удсанаасаа болоод мартагддаг зүйл бол авлига, албан тушаалтнуудын хэрэг. Нотлох баримт нь ил тод байхад ч хариуцлага тооцож чаддаггүй болхи, бойтог систем, хандлагаасаа салцгаа. Монгол өнөөдөр олимпоос ганцхан мөнгөн медаль авч байгаагаасаа ичих хэрэгтэй. Ичдэггүй юм аа гэхэд бид бусдаас бүх талаараа илүү гэж худлаа бардамнаж, омогшдогоо больцгоо. Байгаа байдлаа хүлээн зөвшөөрч, буруу бодлогоо зөв болгож, улс, нийгэм даяараа өөрчлөгдөх цаг нь болсон. Зөв хандлага, зөв бодлого, зөв шийдэл нь байвал улс орон нэг жилийн дотор ч танигдахын аргагүй өөр болсон жишээ олон бий. Хөгжлийн гараанаасаа гарах гээд суугаад байж болохгүй. Босоод алхах хэрэгтэй. Явах хэрэгтэй байна аа, монголчууд аа. Бид яаж амьдраад байна гэх биш, тэд яаж ингэж сайхан амьдарч чадаад байна вэ гэж бодогдтолоо хөгжих боломж бидэнд хангалттай бий.
Э.Мөнхтүвшин
Сэтгэгдэл (3)
(127.0.0.1)
Яг үнэн. Гэр хорооллын залуучууд баян буюу орон сууцтай хүмүүсийн араас гүйж, тэд ажил хийх дургүй байгаа.
Иргэн (127.0.0.1)
Сүүлийн 30 гаруй жилд монголчууд ёс зүйн эврэлд орсон, гар биеэрээ ажил хийх сонирхол үгүй болж бүгд цагаан гартан байх гажуудал газар авсан. Боловсролд шударга ёс алдагдасан. Тодорхой хэлбэл яагаад ч дээд боловсрол эзэмших боломжгүй хүүхдүүд Төлбөрөө л төлсөн бол чанаргүй дээд сургуульд орж толгой хоосон дипломтнууд олширсон. Дипломтой учир “хар ажил” хийхгүй .. Боловсролд шударга ёсыг эргүүлэн тогтоож, Иргэд маань чадах чадах ажлаа хийж, Төр маань авилгагүй, бүтээлч болсон цагт Монгол хөгжинө, Иргэд сайхан амьдрана
Үнэн (127.0.0.1)
Төр дор татвар буй татвар төлөх л ёстой бүдүүлэгүүд ээ