Авлига, албан тушаалын 2 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны наймдугаар сарын 19-23-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 365 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 65, Өмчлөх эрхийн эсрэг 40, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 38, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Авлига, албан тушаалын 2, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 1 хэрэг байна.    

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Сургалтын төрийн сангийн албан тушаалтан П.Л нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү Л.Т-тэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, суралцаж байх хугацаанд барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн албан тушаалтан Г.Б, Д.Н нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилалт, орлого, зардлын бүртгэл хийх журмыг зөрчиж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)