Шинээр илрүүлсэн солир Дэлхийн хажуугаар зөрж өнгөрнө
- 6 цаг 56 мин
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 26 /VOA/. Ойрын ирээдүйд дэлхийг солир мөргөх аюул үгүй боллоо гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ болон Европын сансрын агентлаг мягмар гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн 12 дугаар сард илрүүлсэн “2024 YR4” гэдэг нэртэй солир 2032 оны 12 дугаар сард Дэлхийг мөргөж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж бол одоо манай гаргийн хажуугаар өнгөрнө гэж үзэж байна. Энэ бол сайн мэдээ, учир нь 40-90 м-ийн хэмжээтэй том солир их хэмжээний хохирол учруулах магадлалтай.
Эрдэмтэд хоёр сарын ажиглалтын дүнд солир Дэлхийг мөргөх магадлалыг ихээхэн бууруулсан байна. Өмнө нь уг магадлал 3 хувьд хүрч өсөж байв. Тэгвэл одоо Европын сансрын агентлаг уг магадлалыг 0.001 хувь болгож бууруулсан бол НАСА 0.0027 хувь болгосон байна.
НАСА-гийн Дэлхий орчмын объектын судалгааны төвийн дарга Пол Чодас хэлэхдээ, энэ бол бидний хүлээж байсан үр дүн мөн, гэхдээ ийм зүйл болно гэдэгт 100 хувь итгэлтэй байх аргагүй гэв. Дуран авайнууд уг солирыг ажиглаж, мөргөх магадлалтай газрыг нарийвчлан тооцоолсноор магадлал өөрчлөгдсөн байна. Солир одоо Дэлхийгээс холдож байгаа бөгөөд нэг юм уу хоёр сарын дараа харагдахаа больж магадгүй.
НАСА-гийн мэдэгдэлд дурдсанаар, “2024 YR4” солир манай гарагт аюул учруулахаа больсны зэрэгцээ судалгаа шинжилгээний ажилд өргөн боломж бололцоог нээж өглөө гэв. Гэхдээ 2032 онд уг солир Сарыг мөргөх магадлал 1.7 хувьтай байгааг НАСА сэрэмжлүүлжээ.
Сэтгэгдэл (0)