М.Энхцэцэг: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийсэн айлчлал маш үр дүнтэй боллоо

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан айлчлалын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ.

 

Тодруулбал тэрээр: "Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний салбарт реформ хийж, эрчим хүчний салбарыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн.  

Түүний нэг нь цахилгаан эрчим хүчийг БНХАУ руу экспортлодог больё гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Тэр үүднээсээ энэ зорилтыг дэвшүүлээд үүний хүрээнд олон ажлуудыг хийх шаардлагатай. Мэдээж эрчим хүчийг экспортлохын тулд манай улс хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. 

Тэр утгаараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамжаар эрчим хүчний хуулиудыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. 

Энэ хүрээнд мөн эрчим хүчийг экспортлохтой холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр бид ажиллаж байна. 

 

 Эрчим хүч экспортлох бодлогыг Монгол улс бодлогодоо тусгахаас гадна манай улсын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг говийн болон баруун бүсийн нутаг дэвсгэр дээр бариад БНХАУ руу экспортлох асуудлыг Хятад улс бас бодлогодоо тусгах хэрэгтэй байгаа. 
Тэр үүднээсээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хийж буй энэхүү айлчлал нь энэ үйл ажиллагаанд маш үнэтэй хувь нэмэр болох айлчлал боллоо гэж үзэж байна.

 

Учир юу вэ гэхээр БНХАУ тав таван жилээр төлөвлөгөөгөө гаргаад явдаг. Энэ онд 15 дахь удаагийн таван жилийн төлөвлөгөөг гаргах гэж байна. 

Тэгээд энэ төлөвлөгөөн дээрээ Монгол Улсаас ялангуяа баруун бүс болон говийн бүсэд барьсан сэргээгдэх эрчим хүчний том чадлын эх үүсвэрүүдээс эрчим хүчийг импортлож авна гэдэг бодлогыг таван жилийн төлөвлөгөөндөө тусгаж өгнө үү гэдэг асуудлыг манай талаас тавьсан. 

Харин Хятад Улсын зүгээс бидний тавьсан энэ саналыг хүлээж аваад энэ бодлогыг тусгаж оруулна гэдгийг төрийн дээд удирдлагууд нь бидэнд мэдэгдлээ. Үүнийг бид том амжилт гэж үзэж байна. 

Дараагийн асуудал бол өнөөдөр манай төлөөлөгчид эрчим хүчний хүрээлэн дээр очиж ажиллаа. 

Энэ хүрээлэн дээр айлчилсан сэтгэгдлээс харахад өнөөдөр БНХАУ ялангуяа сэргээгдэх эрчим хүч тэр дундаа барилгын фасадыг нарны хавтангаар үйлдвэрлээд барилга нь өөрөө цахилгаан эрчим хүч хэрэглэгч биш харин үйлдвэрлэгч болж, өөрийн хэрэглээгээ хангаад илүү цахилгаанаа төв сүлжээ рүүгээ борлуулдаг тийм технологийн дэвшлийг өндөр төвшинд хөгжүүлж байгаа нь харагдлаа. 

 

Тэгэхээр Монгол Улсын тавьсан бас нэг том зорилтуудын нэг нь айл өрх, аж ахуйн нэгжүүд маань нарны хавтан батерейгаар өөрсдийн хэрэглээг хангаад илүүдэл цахилгаанаа сүлжээ рүү борлуулдаг тийм боломжийг бүрдүүлэх явдал.

Тэгвэл энэ зорилтын хүрээнд уг хүрээлэнгийн технологийг оруулж ирж, хамтарч ажиллах нь зүйтэй юм байна гэдэг нь харагдаж байна. 

Мөн үүнээс гадна Хятад Улс том хотууддаа ялангуяа газрын асуудал нэлээн хязгаартай байгаа хотуудынхаа барилгын дээврүүд дээр нарны хавтан тавих бодлого маш хүчтэй хэрэгжиж байгаа юм байна. 

Түүнээс гадна мөн барилгын фасадуудыг нарны хавтан болгож байгаа нь харагдлаа. Энэ дээр маш том үйлдвэрлэлийн процесс явагдаж байна. 

Тийм учраас бид нар дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж алхахын тулд Хятад Улстай хамтарч ажиллаж, мега төслийг хэрэгжүүлж, яавал нэг айл өрх дээр суурилуулж байгаа нарны хавтан, батерейны нэгж өртгийг бууруулах вэ гэдэг дээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэдэг асуудлыг тус улсын талд тавьсан. Хятадын тал энэ асуудлыг нааштайгаар хүлээж авлаа. 

Тийм учраас УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлал маш үр дүнтэй боллоо гэж үзэж байна." гэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)