“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
- 12 цаг 5 мин
- Улс төр
- 0

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
“Богдхан төмөр зам” төсөлтэй холбогдох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн зөвлөмж, уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргаж ил болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор "Богдхан төмөр зам” төслийн суурь бүтэц барих ажлыг ил болгохоор шийдвэрлэсэн. Гэвч "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогынхэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны зөвлөмж болон уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын гурван тогтоол, “Богдхан төмөр зам” төслийн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд гурван удаа танилцуулсан асуудлын тэмдэглэл, холбогдох материал нь төрийн нууцын зэрэглэлд хамаарсан хэвээр байсныг өнөөдрийн хуралдаанаар нууцаас гаргаж, ил болгохоор шийдвэрлэлээ.

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ
“Байдрагийн усан цахилгаан станц" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн "зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх" гэрээний төрлөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нарт даалгав.
“Байдрагийн усан цахилгаан станц” төслийн ТЭ3Ү-д бүтээн байгуулалтын ажлыг 2026-2030 онд гүйцэтгэх, 2030-2055 онд ашиглалт болон урсгал засвар үйлчилгээг хийж хүлээлгэн өгөх нөхцөлөөр 25 жилийн хугацаатай төлөвлөжээ.

Төсөл хэрэгжсэнээр төвийн бүсийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу усан цахилгаан станц нь нийгмийн болон иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, усан цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 1990 онд 36 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болж, 914.2 мянган хүн ядуу амьдарч байна. Монгол Улс нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнд жилд 2.3 их наяд гаруй төгрөгийг улсын төсвөөс зарцуулж байгаа боловч ядуурал дорвитой буураагүй байна.

Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тооцоо, шинжилгээ хийж, зарим хөтөлбөрийг багасгах, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэг өрхөд ногдож байгаа халамжийн төрлүүдийг судлан, олон төрөл байгаа тохиолдолд тодорхой хязгаартай болгох, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгахад анхаарч нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, үйлчилгээг сайжруулах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийнэ. Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлж, хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарч, цаашид үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлого баримтална.

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Хүүхдийн сайн сайхан, эцэг, эх, асран хамгаалагчийн ажил, амьдралын тэнцвэрийг хангах гэр бүлд ээлтэй нийгмийн орчин бий болгохыг Засгийн газар чухалчилж байна. Иймд гэр бүлийг дэмжих үйл ажиллагаа тухайлбал, шууд хэлбэрээр мөнгөн дэмжлэг олгох, бусад хэлбэрээр буюу орон сууц, татварын дэмжлэг үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэрийг хангах, гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, эдгээртэй холбогдуулан төрийн болон орон нутгийн хэрэгжүүлэх чиг үүрэг, санхүүжилтийн асуудлыг зохицуулж, тодорхойлсон "Гэр бүлийг дэмжих тухай" анхдагч хуулийн төслийг боловсруулж, хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хүүхэдтэй залуу гэр бүл, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээлээр орон сууц худалдан авахаар ипотекийн зээлийн зорилтот бүлгийн жагсаалтад орсон тохиолдолд тэргүүн ээлжинд хамруулах, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргах, түрээсийн орон сууцанд хамруулах байдлаар орон байртай болгох зохицуулалтыг Засгийн газраас хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авахад нь зориулж ажлын цагийг богиносгох, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа ажилтанд гэрээсээ, эсхүл зайнаас ажиллах боломжоор хангах, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ ажиллуулах зэрэг ажилтны нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхийг ажил олгогч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээндээ тусган хэрэгжүүлнэ гэжээ.
Жирэмсэн эх, ихэр хүүхдийн тэтгэмж, цалинтай ээж, “Алдарт эх” одонгийн урамшуулал, хүүхдийн мөнгөн тэтгэмж зэрэг мөнгөн тэтгэмжүүдийг хүн амыг өсгөх бодлогын хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулиас тусгаарлаж энэ хуулиар зохицуулахаар тусгажээ.

СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (СОР17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа.
СОР17 бага хурлын бэлтгэл хангаж, орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нь нэмэгдүүлэх хүрээнд холбогдох хэлэлцүүлэг, мэдээлэл танилцуулга өгөх, сурталчлах зорилго бүхий зөвлөлдөх уулзалтуудыг 21 аймгийг зургаан бүсэд хуваан Монгол Улсад ажилладаг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ сарын 25-ны өдрөөс зохион байгуулна.
Үндэсний хорооноос Дэд хороодын нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, 12 дэд хорооны төлөвлөсөн ажил, гүйцэтгэл, тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрүүдийг гаргасан. Шийдвэрийн мөрөөр хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)