МИАТ компанийг Сүхбаатарын одонгоор шагналаа
- 3 цаг 6 мин
- Үнэн
- 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, улс орныхоо хөгжил цэцэглэлт, эдийн засгийг бэхжүүлэхэд түүхэн чухал хувь нэмэр оруулсан МИАТ компанийн 70 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын одонгоор шагнасныг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн тэргүүтэй нисэхийн салбарын хамт олон, үе үеийн төлөөлөл гүн хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Мөнгөн цагаан хөлгөөр эх орноо олон улстай холбон нисэж, нислэгийн аюулгүй байдлыг хангаж, үүргээ нэр төртэй биелүүлж байгаа иргэний нисэхийн нийт ажилтан, алба хаагч Та бүхэнтэй уулзаж байгаадаа миний бие баяртай байна. Та бүхэнд иргэний нисэхийн салбарын 101 жил, МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Тулгар төр байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан өөрийн орны иргэдээ болон олон улсын зорчигчдыг агаарын орон зайд чөлөөтэй зорчих эрхийг эдлүүлж, агаарын шуудан, ачаа тээврийг хүрэх газарт нь саадгүй хүргэж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын одонгоор шагнаr алдаршуулж байна” хэмээн онцлов. Зам тээвийн сайд Б.Дэлгэрсайхан МИАТ компанийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж, салбарын хөгжил, ололт амжилт, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “МИАТ ТӨХК нь өнөөдрийг хүртэлх 70 жилийн түүхэндээ 516 мянган удаагийн нислэгээр 26 сая зорчигч тээвэрлэсэн. Өнгөрсөн онд гэхэд л 2.4 сая гаруй зорчигч, үүнээс олон улсын чиглэлд хоёр сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэжээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн 10 агаарын хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж, өнгөрсөн хугацаанд 25.7 сая зорчигч тээвэрлэн, дэлхийг 14 мянга гаруй (14.7) удаа тойрох хэмжээний замыг туулаад байна. Мөнгөн цагаан хөлгийнх нь жигүүр нь ямагт өөдөө дэлгэрч, аялах тэнгэр нь цэлмэг, буулт бүхэн нь амжилт, бахархал дагуулж байх болтугай” гэсэн ерөөл дэвшүүлэв. МИАТ ТӨХК нь зорчигч тээвэрлэлтээс гадна ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж, дотоод болон олон улсын худалдаа, логистикийн урсгалыг дэмжин, аялал жуулчлал, эдийн засгийн гадаад харилцаа, худалдааны сүлжээ хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нисэхийн аюулгүй байдлаараа дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үнэлгээ авсан. Мөн төрийн өмчит компаниудын хэмжээнд алдагдалгүй ажилладаг таван компанийн нэг бөгөөд сүүлийн 16 жилийн турш “ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарсан амжилтаар 70 жилийнхээ ойг угтаж байна.

Сэтгэгдэл (0)