Төрийн тэргүүн МИАТ компанийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэллээ
- Өчигдөр 10 цаг 34 мин
- Сурталчилгаа
- 0

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр /2026.5.24/ Тулгар төр байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг угтан, иргэний нисэхийн салбарын 101 жил, МИАТ ТӨХК үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулж МИАТ ТӨХК-д ажил хөдөлмөр, мэдлэг ур чадвараа дайчлан амжилттай ажиллаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Монгол Улсын Гавьяат цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагнасан юм. Энэ үеэр төр засаг, түмэн олныхоо төлөө хичээгүйлэн зүтгэсэн “МИАТ” ТӨХК-ийн “Б737 ЭНЖИ/МAКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Чимэддоржийн Нямсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Б737-800” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Цэнд-Аюушийн Ганбаатар нарт Монгол Улсын Гавьяат нисгэгч цол, “МИАТ” ТӨХК-ийн Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны ахлах байцаагч Долгорсүрэнгийн Энхцэцэгт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ.
Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан МИАТ ТӨХК-ийн Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн Агаарын хөлгийн диспетчер Вандансэнгийн Мэндбаяр, Газрын үйл ажиллагааны хэлтсийн талбайн үйл ажиллагаа, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Цэрэнбатын Хамт-Олон нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, МИАТ ТӨХК-ийн Хууль эрхзүйн тасгийн хуульч Жадамбаагийн Чулуунаа, Зорчигч, үйлчилгээний хэлтсийн бүртгэгч диспетчер Балгансүрэнгийн Энхбаяр, Мэдээллийн технологи хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах инженер Миймаагийн Даваа нарыг “Алтан гадас” одонгоор, МИАТ ТӨХК-ийн Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ахлах ажилтан Баттүвшингийн Мөнхжаргал, Агаарын хөлгийн техникийн үйлчилгээний хэлтсийн ахлах инженер Амарсанаагийн Ганбаатар нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль хүртсэн эрхмүүдэд хандаж “Та бүхэн төр, түмнийхээ өндөр итгэл, гүн хүндлэлийг хүртэж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо улам дээш мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

Сэтгэгдэл (0)