О.Хонгорзул: Нийтийн тээврийн өглөө хөдлөх цагийг урагшлуулж, орой зогсох цагийг хойшлуулна
- 5 цаг 17 мин
- Топ сэдэв
- 0

Нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудал болон зорчигчдын урсгал нэмэгдэж буйтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийтийн тээврийн бодлогын газрын тээврийн эдийн засагч О.Хонгорзулаас тодрууллаа.
-Бензин, шатахууны хомсдол үүсэж, таксины үнэ нэмэгдсэн энэ үед иргэдийн нийтийн тээврээр зорчих хандлага нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн салбарт тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 129 чиглэлд 1176 тээврийн хэрэгсэл өдөр тутам үйлчилж байна. Эдгээр чиглэлд өдөр бүр 650 мянга гаруй зорчилт хийгддэг. Есдүгээр сараас эхлэн зорчигчдын урсгал нэмэгддэг. Тиймээс улирлын онцлог болон зорчих эрэлттэй уялдуулан үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлдэг. Энэ сараас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд гарах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлээд байна. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд зорчигчдын урсгалтай уялдуулан бүртгэлийн санд байгаа тээврийн хэрэгслүүдийг 100 хувь үйлчилгээнд гаргах чиглэл өгсөн. Үүний дагуу манай байгууллагаас зорчигчдын урсгал, эрэлтийг судалж, үе шаттайгаар тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж байна. Цаашдаа байгаа хүчин чадлаа 100 хувь ашиглан ажиллахаар төлөвлөж байгаа.
-Өглөө, оройн ажил цуглах, тарах үеэр автобус удаан хүлээлгэх, мөн түгжрэлтэй үед автобуснууд нэг талдаа бөөгнөрч гацах зэрэг асуудал гардаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ асуудалтай холбоотойгоор өглөө, оройн ачаалалд үндэслэн автобусны цагийн хуваарьт зохицуулалт хийнэ. Бид өмнө нь М1-М6 гэсэн үндсэн магистраль чиглэлүүдэд туршилт хийсэн. Өмнө нь бүх тээврийн хэрэгсэл хоёр эцсийн зогсоолоос хөдөлдөг байсан бол одоо зорчигчдын эрэлт, урсгалд үндэслэн бусад зогсоолоос хөдөлгөх зохицуулалтыг хийж байна. Ингэснээр өглөө, оройн оргил ачааллын үед зорчигчдын эрэлт ихтэй хэсэгт тээврийн хэрэгслийг илүү оновчтой хуваарилах боломжтой. Мөн өвлийн цагийн хуваарьт шилжих болон ажлын цаг урагшилж байгаатай холбоотойгоор нийтийн тээврийн өглөө үйлчилгээгээ эхлүүлэх цагийг урагшлуулах, оройн үйлчилгээг дуусгах цагийг хойшлуулах, шөнийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг хийнэ.
-Өнөөдрийн байдлаар автобусны хүлээлтийн хугацаа хэд байгаа вэ. Түгжрэлээс шалтгаалсан хүлээлтийг хэрхэн бууруулах вэ?
-Автобусны дундаж хүлээлтийн хугацаа 11 минут орчим байна. Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөөний чиглэлд нийтийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээг чөлөөлж өгсөн. Замын хөдөлгөөний удирдлагын төвд шуурхай баг ажилладаг. Тус баг камерын хяналтаар нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх, нэгдүгээр эгнээнд гарсан зөрчил, зогсолтыг зохицуулах, шаардлагатай тохиолдолд таталт хийх зэрэг ажлыг өдөр тутам зохион байгуулдаг.
Цаашдаа зөвхөн Энхтайвны өргөн чөлөө гэлтгүй Наадамчдын зам, Чингисийн өргөн чөлөө зэрэг гол замуудын нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажил хийгдэнэ. Энэ ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн бодлогын газар зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр нийтийн тээврийн хэрэгслийн дундаж хурд ойролцоогоор 30 хувиар нэмэгдсэн. Үүнтэй адил бусад гол гудамж, замд нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлж чадвал автобусны зорчих хурдыг нэмэгдүүлж, улмаар зорчигчдын хүлээгдлийн хугацааг бууруулах боломжтой. Мөн манай байгууллагад 24 цагаар ажилладаг шуурхай удирдлагын тээвэр зохицуулагчид бий. Тэд камерын хяналт болон системийн бүртгэлээр нийтийн тээврийн үйлчилгээнд байнгын хяналт тавьдаг. Тухайн үед замын түгжрэлээс шалтгаалан автобус нэг талдаа бөөгнөрөх, хөдөлгөөн саатах зэрэг асуудал үүсвэл шуурхай арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн таталт хийх, чиглэлд зохицуулалт хийх зэрэг арга хэмжээг 24 цагийн турш авч хэрэгжүүлдэг.
Г.БАЛГАР
ЭХ сурвалж: ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл (0)