Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 396 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
- 2 цаг 32 мин
- Нийгэм
- 0

Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2026 оны 3 дугаар улирлын байдлаар судаллаа.
Дээрх хугацаанд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 396 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан байна.
Гэмт хэрэг үйлдсэн 396 хүний 90 хувь эрэгтэй, 10 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны байдлын хувьд 20 хүртэлх насны 11 буюу 2.7 хувь, 20-30 насны 123 буюу 31 хувь, 30-39 насны 147 буюу 37 хувь, 40-60 насны 109 буюу 27.5 хувь, 60-аас дээш насны 6 буюу 1.8 хувь байна.
.jpg)
Судалгааны дүнгээс үзэхэд дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 20.7 хувь нь дээд боловсролтой, 28 хувийг ажил, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс үйлдсэн байна. Үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн хувьд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн их бүртгэгджээ.
Анхан шатны шүүхээс 228 хүнд торгох, 65 хүнд нийтэд тустай ажил хийлгэх, 56 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 43 хүнд хорих ял оногдуулж, 4 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.
Иргэн та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бусдад энэ талаар шаардлага тавьж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөг эрсдэлээс хамгаалахыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.
Эрүүгийн хууль
27.10 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сэтгэгдэл (0)