Суурь тэтгэврийг ямар нэгэн хүсэлт, нэмэлт баримт бичиг авахгүйгээр олгоно
- 8 цаг 15 мин
- Нийгэм
- 0

Ахмад настнуудад 11 дүгээр сарын нэгнээс суурь тэтгэвэр олгохдоо тэтгэвэр авагчдаас ямар нэгэн хүсэлт, нэмэлт баримт бичиг авахгүйг ГБХНХЯ мэдээллээ.
Үүнд Нийгмийн даатгалын сан болон цэргийн тэтгэвэр авч буй нийт ахмадын 80 хувь буюу 435 мянган иргэн хамрагдана. Эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрсэн тэтгэвэр авагчдад суурь тэтгэврийг олгох юм. Суурь тэтгэврийн хэмжээг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаа, тэтгэврээс хамааруулан сард 100-300 мянган төгрөг байхаар ялгаатай тооцох ба суурь тэтгэврийн дундаж нь 224 мянган төгрөг байх ажээ.
Тодруулбал, 20 жил шимтгэл төлсөн, сард 769 мянган төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг иргэнд сард 201,550 төгрөгийн суурь тэтгэвэр тооцсоноор сарын тэтгэвэр нь 970,550 төгрөг болно. Хэрэв 35 жил шимтгэл төлсөн, сард 769 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол 276,550 төгрөгийн суурь тэтгэвэр нэмэгдсэнээр сарын тэтгэвэр нь 1,045,550 төгрөг болно. Мөн 30 жил шимтгэл төлсөн, сард 1 сая төгрөгийн үндсэн тэтгэвэр авдаг бол 240 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгон, сарын тэтгэвэр нь 1 сая 240 мянган төгрөг болох юм.
Харин цэргийн, онцлог мэргэжлийн, олон хүүхэдтэй эх, хөдөлмөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэд дээрх насны шалгуурт (эмэгтэй 55, эрэгтэй 60) хүрсэн өдрөөсөө эхлэн суурь тэтгэвэр авах эрх үүснэ.
Мөн НДС-гаас олгох тэтгэврийн тухай хуульд тэтгэврийн хэмжээг инфляцын дундаж түвшинтэй уялдуулан жил бүрийн нэгдүгээр сарын нэгнээс эхлэн нэмэхээр заасны дагуу 2027 оны нэгдүгээр сарын нэгнээс Нийгмийн даатгалын сан, цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэхээр 2027 оны төсвийн хуулийн төсөлд тусгажээ.
Улсын хэмжээнд 2025 онд 436.5 мянган өндөр настанд 4.4 их наяд төгрөгийн тэтгэвэр олгосон байна. Ахмад настны тэтгэвэр авсан иргэдийн тоо 2022 оныхоос 22 хувиар, 2024 оныхоос 3.5 хувиар нэмэгджээ. НДС-гаас олгосон тэтгэврийн сарын дундаж хэмжээ 2025 онд 871.6 мянган төгрөгт хүрч 2021 оныхоос 2 дахин, Нийгмийн халамжийн сангаас олгосон сарын тэтгэврийн хэмжээ 397.5 мянган төгрөг болж 2021 оныхоос 1.4 дахин нэмэгдсэн байна.
УИХ-ын чуулганы энэ сарын 16-ны хуралдаанаар баталсан Төсвийн тодотголоор Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулж, ахмад настны орлогыг нэмэх, нийгмийн баталгааг хангах зорилгоор тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгох нөхцөл бүрдүүлсэн билээ.

Сэтгэгдэл (0)