Шатахууны хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэхээр шуурхай ажиллаж байна
- 2 цаг 15 мин
- Нийгэм
- 0
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны хангамжийн нөхцөл байдалд газар дээр нь хяналт тавьж, нийлүүлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан баг Улаанбаатар хотын хойд хэсгийн шатахуун түгээх станцуудад ажиллаж, Шуурхай штабын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулж байна.
10 дугаар сард ОХУ, БНХАУ, БНСУ-аас нийт 88 мянган тонн шатахуун захиалж, нийлүүлэлтийг баталгаажуулсан. Энэ нь сарын хэрэглээнээс давсан хэмжээ боловч захиалсан бүтээгдэхүүн бүрэн импортлогдоогүй байгаа нь хангамжид хүндрэл үүсгэж байна.
Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд ОХУ-аас хийх ачилт нэмэгдэж, БНХАУ-аас ачигдсан шатахуун маргааш Замын-Үүд өртөөнд ирэхээр байна. Мөн БНСУ-аас ачсан шатахуун БНХАУ-ын боомтод хүрээд байгаа бөгөөд тээвэрлэлтийг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Захиалсан шатахууныг татан авах, тээвэрлэлтийг эрчимжүүлэх, дотоодын хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэхэд бүх шатанд шуурхай анхаарч ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)