Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гарагт гарчээ…
- 3 цаг 39 мин
- Улс төр
- 0

Засгаа гурав сольсон гээд ард нийт МАН-д ам сайнгүй. Гол юм нь: Солиод солиод дээрддэггүй. Улам дордож. Асар уудам газар нутаг, байгалийн машид арвин баялагтай, 3.6 - хан сая хүнтэй Монгол Улсыг элгээр нь хэвтүүлж, хавиргаар нь хажуулдуулж буй нь эдүгээгийн улстөрчид, тэрэн дундаа МАН-ынхны авьяас гэлтэй. шулуухандаа: Эмгэнэл. МАН-ынхны аз болоход Монголын ард нийт хонь шиг номхон. Бензинд оочерлож, махаа өндөр үнээр авч, талхнаас авахуулаад бүх юмны үнэ өсч, уур бухимдал нь сагсайж эхэлмэгц: цалин тэтгэвэр нэмлээ гээд нам. Гэвчиг: МАН-ынхны тархи цээжинд гагц 27, 28 оны сонгууль бугшиж, тэрний өмнө хардах албан тушаалын оноолт хуваарилалт л буйг ард нийтээрээ анзаарч мэдэхгүй нь нэн харамсалтай. Гээд энүүгээрээ: Ямар ард нийт байна, тиймэрхүү л төр буй гэх нь үнэнийг нотлох төдий.
Улс төрийн тайзны ард өмнө дурдсанчлан МАН-ынхан 27, 28 оны сонгууль бодож, тэрний өмнөх ардах албан тушаалын оноолт хуваарилалтаасаа болоод зодоон нүдээнтэй нь үнэн.
Тэр нь: Нуухын аргагүй бүлтэрч. Тиймийн учраас тэд энэ хэвээр яваад байвал юун 27, 28 оны ялалт болох нь. Ялагдах нь. Тэгэхнээ: Хуваах, хэрэлдэх юмгүй болох нь ойлгомжтой. Нэмээд: Эдүгээ эдийн засаг хэцүү болж, нам доторх зодоон улам хүндрэх шинжтэй. Ард нийтийн бухимдал дээр АН сөрөг хүчнээ хийгээд оролцоод унавал хэцүү. Улс төрийг нь даахгүй.
Тэгээд: Одоо яах вэ гэх дээр тархиа гашилгацгааж. Эцэст нь мэргэн санаа олж. Өнгөрөгч долоо хоногийн 5 дахьд их тэнгэрийн аманд томчууд уулзаж энэнтэй холбоотой шийдвэрт хүрч. Тэд улс төрийн мухардал руу орохоосоо өмнө засагтаа сэлгээ хийж АН-ыг оруулж ирье гэж ярьж. Тэр дээр тохирч. АН орохоор ХҮН намын хэд хөөгдөж, ҮЭ-ийн Н.Номтойбаяр МАН-даа орсон гэдгээр засагт уусах төлөвтэй. Эд нарын эзэлсэн суудалд АН тухлах шинжтэй. Нэмээд: Сүүл үест МАН доторх зодоон хурцадсаны тул 30-ын талаас орсон сайд нарыг ч хөөж магад. Энэ нь наанаа: ийнхүү эдийн засаг, улс төрийн хүндрэлийг хаах замаар 27, 28 оны сонгуулийг давхар харсан мэт. Гэлээ гэхдээ цаанаа: АН засагт багтаж МАН-ын томхон өөрчлөлтийг хамт хийлцэх үүрэгтэй гэх.
АН-аас: Үндсэн хуулийг хөндөн өөрчлөхөд татгалзахгүй, дэмжинэ гэх амыг нь авч байж засагт оруулахаар болж. Базах нь ээ их тэнгэрт тав дахьд гарсан албан бус шийдвэр энэ долоо хоногт МАН, АН-ын удирдах түвшний улс уулзалдсанаар албажих нь…
Ө.Бат
ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл (0)