Дарханы дулааны станц хэвийн горимд шилжлээ
- 5 цаг 24 мин
- Орон нутаг
- 0

Дарханы дулаан станц ТӨХК-д Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй ажлын хэсэг ажиллалаа. Мэргэжилтнүүд тухайн нөхцөл байдалд станцын дотоод хэрэгцээний цахилгаан хангамжийг үе шаттай сэргээж, зуух, турбины тоноглолуудыг ажиллуулан, дулааны шугамын усны эргэлтийг эхлүүлжээ.
10 дугаар сарын 30-ны өдрийн 07:46 цагт станц 32 МВт-ын ачаалалтай ажиллаж, дулааны сүлжээний усны температурыг 70°C хүртэл нэмэгдүүлэн хэвийн ажиллагааг хангасан байна.
Түүнчлэн турбин генератор №5-ын удирдлагын компьютертэй холбоотой ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, турбины дөрөвдүгээр холхивчийн температур өндөр байсантай холбогдуулан үзлэг, хөргөлтийн арга хэмжээ авснаар 11 дүгээр сарын 1-ний өдрийн 03:49 цагт станцыг нэгдсэн сүлжээнд холбож, №7, 9 дүгээр зуухыг уурын шугамд залгаснаар хэвийн горимд шилжүүллээ.
Урьдчилсан байдлаар, гэмтэл гарсан вакуум таслуур нь 2007 онд суурилагдсан бөгөөд нийт 19 жил ашиглагдаж байгаа аж. Таслуурын гэмтлийн шалтгааныг тогтоохоор Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК болон ДДЦС ТӨХК-ийн мэргэжлийн инженерүүд хамтран технологийн саатал доголдол бүртгэлийн төхөөрөмжийн бичлэг, реле хамгаалалтын ажиллагаанд дүн шинжилгээ хийж байна.
Салбарын сайдын зүгээс цаашид хүнээс хамаарсан алдаа гаргахгүйн төлөө бүх шатандаа хичээн ажиллах шаардлагатайг анхааруулаад өвлийн оргил ачааллын үед эрсдлийн бэлэн байдалд байх, шуурхай арга хэмжээ авах чиглэлд тодорхой үүрэг даалгавар өгчээ.
ХуваалцахFacebookX (Twitter)

Сэтгэгдэл (0)