Хүүхдийн эрх ба хууль

Хүүхэд бүр эрхээ хамгаалах, эдлэх эрхтэй.


Манай улсад гурван хүн тутмын нэг нь хүүхэд хэмээн бүртгэгдсэн манай улсад нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа. Тухайлбал, гэмт хэргийн улмаас 817 хүүхэд гэмтэж, 101 хүүхэд амиа алдсан бол зам тээврийн осолд 1212 хүүхэд өртөж, хурдан морины уралдааны үеэр 621 хүүхэд мориноосоо унасан байна. Түүнчлэн шүүхээс 1151 хүүхэд ял, шийтгэл сонсч, 10.100 хүүхэд аюултай, хүнд хэлбэрийн хөдөлмөрийн мөлжлөгт өртжээ.

Ийнхүү хүүхдийн эрх зөрчигдөх үед түүний эрхийг хэрхэн сэргээх вэ, учруулсан хохирлыг нь хэрхэн барагдуулах вэ гэх мэт асуудал Эрүүгийн болон бусад хуулиар зохицуулагдаж байдаг ч гэлээ хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, ялангуяа сэтгэлзүйд учирсан хохирлыг арилгах, тухайн хүүхдийн сэтгэлзүйг хэвийн байдалд оруулахад хуулийн үйлчлэл зайлшгүй хэрэгтэй байна байсан. Иймээс Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг Засгийн газраас УИХ-д 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр өргөн барьж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын тогтоолоор байгуулагдсан ажлын өргөн хүрээнд хэлэлцүүлэг, судалгааны ажлыг зохион байгуулсны үр дүнд ийнхүү хууль батлагдсан байдаг.  

Ингээд уг хуулийн талаарх ойлголт өгвөл,
-Энэ хууль  хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл нь хамгаалахад үйлчилнэ. Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүүхдэд нэгэн адил хамаарна.
-Хүүхдийг үл хайхрах, хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, бэлгийн дарамт үзүүлэхийг хуулиар хориглосон.
-Хүүхдийг хамгаална  гэдэг энгийн мөртлөө нийгэмд хамгийн их зөрчигдөж байна. Тиймээс төр хүүхдийг бүрэн хамгаалалтандаа авч, тэднийг дараах байдлаар хамгаалахыг хуульчилж өгчээ.

Хуулийн заалтаас,
-Хүүхдийн үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэх
-Хүүхдийн хувийн шинж чанар, нас, хөгжлийн онцлогийг харгалзан үзэх
-Хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий хандахгүй, нэр төр, алдар хүндийг нь гутаахгүй байх
-Хүүхдийг өөрийн санал, хүсэлтээ илэрхийлэх, өөрт нь ашигтай мэдээлэл авах боломжоор хангах
-Хүүхдийн  ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих
-Хүүхдэд тохирсон мэргэжлийн, мэргэшсэн цогц үйлчилгээ үзүүлэх
-Хүүхдийг хамгаалах анхдагч орчин нь гэр бүл, хамгаалах нэн тэргүүний үүрэгтэй хүмүүс бол тэдний эцэг, эх нь. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийг эрүүл, сайн хүн болгон өсгөн бойжуулах эрхэм үүрэгтэй төдийгүй хүүхдийнхээ санал, хүсэлтийг сонсох замаар тэдний өмнөөс шийдвэр гаргах ёстой.Хүүхдээ сурч боловсрох, эрүүл  саруул өсгөн бойжуулахад онцгой анхаарч, тэднийг үргэлж урамшуулан дэмжиж байх хэрэгтэй. Хүүхэд тэр тусмаа бага насны хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй байдаг учраас эцэг, эхчүүд хүүхдээ аливаа хүчирхийлэл, дарамтад өртөхөөс байнга хамгаалж байх үүрэгтэй.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр төрөөс явуулж буй гол бодлого нь эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ асран хамгаалахад дэмжихэд оршиж байна. Ингэхдээ эцэг эхчүүдэд энэ талын мэдээлэл өгөх, хүүхдээ хамгаалахад дэмжиж туслах, хэрэв энэ үүргээ биелүүлж чадахгүй бол төр өөрийн хамгаалалтад хүүхдийг авах, хүүхдийн төлөө авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнд хяналт тавина гэж хуульд заажээ.

-Хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахыг хориглоно. Хүүхдэд боловсрол олгож буй сургалтын байгууллагын багш, ажилтнууд хүүхдэд бие махбодийн шийтгэл хүлээлгэхгүй байх үүрэгтэй бөгөөд тэд бие биенээ харилцан хүндэтгэсэн, шударга ёсонд нийцсэн аргаар сургах үүрэг хүлээжээ. Тиймээс цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх явдлыг үл тэвчиж, хүүхдээр албадан хөдөлмөр эрхлүүлж болохгүй юм.

-Хүүхдийн бие, сэтгэцийн эрүүл мэнд бүрэн хамгаалагдсан. Тиймээс хүүхэд эрүүл мэндийн тусламж, эмчилгээ үйлчилгээ, мэдээллээр хангагдах бүрэн эрхтэй гэсэн үг. Төр хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ ялгаварлалгүй хандах бөгөөд үйлчилгээ үзүүлэхээс санаатайгаар татгалзах, хүүхдийн биед шинжлэх ухааны туршилт хийх эрхгүй.

-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хуулийн дагуу 14 ба түүнээс дээш насны хүүхэд хөдөлмөр эрхэлж болно. Ингэхдээ хүүхэд өөрийн эрхэлж буй хөдөлмөрт дүйцэх цалин, хөлс авах эрхтэй. Гэхдээ хүүхдийн аюултай, тэвчишгүй хөдөлмөрийг энд дурдаагүй.

-Хүүхэд нас, бие, сэтгэхүйн хөгжлийн түвшиндээ тохирсон тоглоомоор тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх эрх нь хуулиар хамгаалагдаж байна. Тиймээс төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, эцэг эх нь хүүхдийн биеийн тамир, урлаг, соёлын арга хэмжээнд оролцуулах үүрэг хүлээж байна. Гэхдээ хүүхдийг ашиг хонжоо олох болон бусад хууль бус зорилгоор ашиглаж болохгүй.

-Хүүхдийг хамгаалахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой үүрэг хүлээнэ. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, нэр төрд халдахуйц нийтлэл, кино, видео тоглоом, цахим мэдээллээс бүрэн хамгаалагдсан учраас телевиз, радио, сонин, цахим хуудас зэрэг ОНМХ-ээр нэвтрүүлэхээс эхлээд дүрс, авиа бичлэг, зураг хэлбэрээр хүүхдэд үзүүлэх, худалдах, түрээслэх, тараахыг хориглож байна.

-Хүүхдийн хувийн нууц ч бас хуулиар хамгаалагдаж байна. Үүнд хүүхдийн аман болон бичгээр харилцсан харилцаа, сурлагын дүн, өвчний түүх болон хувийн ашиг сонирхол нь хөндөгдөх бусад мэдээллийг нууцлах ёстой.
-Хүүхэд тамхи, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бусад хортой бодис хэрэглэхээс хамгаалагдаж байна. Тиймээс энэ төрлийн хууль бус үйл ажиллагаанд хүүхдийг татан оролцуулахгүй байх, эдгээр төрлийн бодис бүхий орчинд хүүхдийг байлгахыг хориглосон.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч бусад хүүхдийн адил бүхий л орчин, нөхцөлд хамгаалагдана. Тэд өөрсдөд нь зориулсан боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг ижил тэгш, ялгаварлалгүй авдаг байхыг хуульд тусгажээ.

Хүүхдийн эрхийг зөрчсөн этгээдэд гэмт хэргийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ

Хүүхдийн хамгааллын хүрээнд мөрдөгдөж буй эдгээр заалтууд тус бүрийг зөрчигдөж байгааг мэдсэн тохиолдол бүрийг иргэн та цагдаагийн байгууллага, багийн Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Энэ дагуу мэдээллийн үнэ төлбөргүй, 24 цагийн утас ажиллах бөгөөд зөвхөн зөрчлийн мэдээлэл бус шуурхай зөвлөгөө, тусламжийн мэдээлэл авах боломжтой юм байна.
Тэр дундаа Сум, хорооны хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, байгууллагын нийгмийн ажилтан нь гэр бүл болон бусад орчин дахь хүүхдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг судлан тогтоох, нөхцөл байдлын үнэлгээ гаргах, холбогдох шатны байгууллагад энэ тухайгаа мэдэгдэх үүрэгтэй.

Ийнхүү хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх захиргааны хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, ял шийтгэлийг Гэмт хэргийн тухай хуулиар тодорхойлж, Хүүхэд хамгааллын тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх юм. Хүүхдийг үл хайхрах гэж хүүхдийг халамжлах, хүмүүжүүлэх болон бие, сэтгэл, оюун ухаан, нийгмийн хэрэгцээг хангах үүрэг хүлээсэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд хамгаалагч нь энэ үүргээ санаатай болон болгоомжгүйгээр биелүүлэхгүй байхыг хэлнэ.

Хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах гэж хүүхэдтэй зүй бус харьцах гэдэгт санаатайгаар хүүхдэд бие махбодь, оюуны болон сэтгэл санааны хохирол учруулсан үйлдэл, эсвэл эдгээр аюулд өртсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нь хамгаалаагүй, хүүхдийг аливаа хэлбэрээр хүчирхийлсэн, түрэмгийлсэн, тарчлаан зовоосон, гутаан доромжилсон аливаа үйлдлүүд үүнд орно. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, эрүүл мэнд, боловсролын байгууллагын ажилтан хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг анхааруулж байна.

 

Г.Уянга

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • азаа (203.91.115.49)

    2019-11-10

    гайхалтай хэрэгтэй мэдэээлэл баярлалаа