Ш.Мягмар: Усан цогцолбор барьснаар усны нөөцөд санаа зовох асуудалгүй

 

        БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Ш.МЯГМАРТАЙ ярилцлаа.

 

-Судалгаанаас үзэхэд усны хомсдолд орох магадлал өндөр, нөөц шавхагдахад хүрч байна гэсэн мэдээлэл байх юм. Ер нь манай орон усны нөөцөөр хангалттай байж чадах уу?

 

-Манай усны нөөц багатай орны тоонд ордог. Гэхдээ газар зүйн байрлал, орон зайн хувьд нэлээд ялгаатай. Тодруулбал, гадаргын болон газрын доорх усны нөөцийн 70 орчим хувь нь Алтай, Хангай, Хэнтий зэрэг өндөр уулын бүсэд бүрэлдэн бий болдог. Харин говь хээр талдаа гадаргын ус харьцангуй бага. Зүүн өмнөд Ази болон номхон далайн орнуудын хамтарсан чуулганаар тухайн бүсийн орнуудын усны нөөц ямар хэмжээнд байгаа талаар ярилцсан. Манай орон төв Азийн өндөрлөгт оршдог учир уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй яваа. Дэлхийн хэмжээнд дулаарал 0.7-0.9 хэмээр нэмэгдэж байна. Энэ нь манай орны хувьд илүү эрчимтэй буюу 1.9-2.1 хэмээр илүү байгаа. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор усны нөөц тодорхой хэмжээнд багасах тохиолдол бий. Одоогоор нэг хvнд ноогдох усны нөөц Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт 45-55.2 шоо.метр байгаа нь дэлхийн дунджаас 4-5 дахин их. Харин говийн бvсэд нэг хүнд ногдох усны нөөц дэлхийн дунджаас 10 дахин бага байдаг.

 

-Манай улс усны нийт нөөцийнхөө хэдэн хувийг ашиглах боломжтой вэ. Ихэвчлэн гүний усыг хэрэглээндээ ашигладаг болсон?

 

-Монгол Улсын хэмжээнд жилд 608 км.куб усыг авч ашиглах боломжтой. Ингэхдээ усны нийт нөөцийн нэг орчим хувийг ашигладаг. Харин гадаргын усны нөөцийн ихэнх нь хөрш орнууд руу урсан гардаг. Жишээлбэл, томоохон гол мөрөн болох Хэрлэн Хятад руу, Орхон, Туул, Сэлэнгэ, Онон гол ОХУ руу урсдаг. Нийт нөөцийн дийлэнхийг нуур цөөрөм, гол мөрөн, мөнх цаст, мөсөн гол бүрдүүлдэг. Түүнээс хоёр хүрэхгүй хувь нь газрын доорх буюу гүний ус юм. Гэтэл ашиглалтын хувьд нийт нөөцийнхөө 80-90 хувьд газрын доорх усыг хэрэглэж байна. Улирлаас шалтгаалж хэрэглээнийхээ үлдсэн хувийг гол мөрнөөс хангадаг. Манай улсын нийт хүн амын 43 орчим хувь буюу сая 300 мянга гаруй нь Улаанбаатарт амьдарч байна. Үүн дээр оюутан залуусыг нэмбэл 50 орчим хувь нь нийслэлд төвлөрч байгаа юм. Тэд Туулын хөндий дахь гүний худагнаас хэрэгцээгээ хангадаг. Энэ утгаараа усны байгаа нөөц хязгаарлагдмал. Өнөөдрийн байдлаар хүн амын усан хангамж хоногт 160-170 мянган метр. куб, эрчим хүчний усан хангамж 60-70 мянган метр.куб байна. Харин хоногт Туул голоос авч ашиглах усны хэмжээ бол 330 орчим мянган метр.куб. Гэтэл үүнийхээ буюу нийт ашиглах боломжит нөөцийнхөө 60-70 хувьд хүрчихсэн.

 

-Усны нийт нөөцийн хоёр хүрэхгүй хувийг гүний ус эзэлж байхад нийслэлчүүд хэрэгцээнийхээ 80-90 хувийг түүгээр хангадаг юм байна. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл манай улс усны хомсдолд орох эрсдэлтэй байх?

 

-Нийслэлд маш олон гүний худаг гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар зургаан мянган гаруй худаг бүртгэлтэй байна. Үүнээс гадна албан ёсны бүртгэлгүй олон худаг байгаа. Эдгээр нь усны хэрэглээ өндөр байгааг илэрхийлж байна. Цаашид энэ янзаараа хүн ам нэмэгдэж, хотжилж тэлбэл 2020-2030 он гэхэд усны хомсдолд орж болзошгүй.

 

-Тухайн гүний худгийг ихэвлэн ямар зориулалтаар ашиглаж байна вэ?

 

-Ихэнхийг нь унд ахуйн хэрэгцээндээ ашигладаг. Тиймээс усны төлбөр авдаггүй. Зөвхөн нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрлийг нь өгч, анхны төлбөрийг нь авдаг тогтолцоотой. Дээр дурдсанчлан олон худаг гаргаснаар газрын доорх усыг багасгадаг. Мөн гэр хороооллын айлуудын бохир хөрсөнд шингэж, хөрсөөр дамжин Туул гол бохирдох эрсдэлтэй. Тиймээс ахуйн хэрэглээний зориулалтаар гүний худаг гаргахыг цаашид хязгаарлах хэрэгтэй. Ингэснээр сав газрын хэмжээнд газрын төвшний усны хуримтлал тогтох нь хэвийн болно.

 

-2020-2030 онд усны хомсдолд орохгүйн тулд энэ чиглэлд одооноос зөв бодлого хэрэгжүүлэх ёстой байх. Хариуцдаг хүний хувьд ямар гарцыг харж байна вэ?

 

-Улаанбаатар хотыг усан хангамжаар найдвартай хангахын тулд гадаргын усыг хуримтлуулах усан цогцолбор барих ёстой. Ингэснээр хүн амыг усаар найдвартай хангана, эрчим хүч гаргаж авна, амралт, аялал, зугаалгын бүс байгуулна. Мөн мал аж ахуй, газар тариалангийн бүсийг усаар хангаж, экологийн таатай орчинг бүрдүүлнэ. Энэ мэтчилэн зорилготойгоор усан цогцолбор барихаар төлөвлөж, одоогоор техник эдийн засгийн үзүүлэлтийг нь боловсруулсан. Үүний дагуу холбогдох яам, агентлагаас санал авч байгаа. Энэ талд Солонгос болон Монголын компанитай хамтарч ажиллаж байна.

 

-Гадаргын усыг хуримтлуулах усан цогцолбор барьснаар хэдэн жилийн нөөцтэй болох вэ?

 

-Үүнийг барьснаар усны нөөцөнд санаа зовох асуудалгүй болно.

 

- Сэлэнгэ мөрөн дээр барих усан цахилгаан станцын асуудал ямар шатандаа явна вэ?

 

-Дэлхийн банкны “Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулж, усыг шилжүүлэн ашиглах болон Сэлэнгэ мөрөн дээр барих “Шүрэнгийн УЦС” төслүүдийн ТЭЗҮ, БОННҮ-г хийх ажлын хөрөнгийг шийдсэн ч ОХУ-ын талын байр сууриас шалтгаалан зогсонги байдалд ороод байна.

 

-Усны нөөц багассанаас гадна бохирдлын хэмжээ нэмэгдэх болсон. Туул гол зарим хэсэгтээ дээд цэгтээ хүртэл бохирдох болсон гол шалтгаан нь төв цэвэрлэх байгууламж гэдэг. Усны бохирдлыг төвшинг бууруулах талд ямар ажлыг хийж байна вэ?

 

-Одоохондоо нөөц хангалттай байгаа боловч усны бохирдол гэдэг том асуудал байна. Хэдийгээр нөөц байсан ч бохирдчихвол ашиглах боломжгүй. Туул гол Хэнтий нуруунаас эх аваад Улаанбаатарт орж ирэх хүртэл цэвэр тунгалаг боловч нийслэлд орж ирэнгүүт чанарын хувьд өөрчлөлт ордог. Ялангуяа доод хэсэгт буюу төв цэвэрлэх байгууламжийн устай нийлэх үед бохирдол дээд цэгтээ хүрдэг. Тэнд ялангуяа химийн болон биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ маш бохир буюу 15- 20 дахин их байдаг. Зарим хэсэгтээ 60 дахин их байх тохиолдол бий. Энэ нь төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийгээгүй олон жил болсон, усны ачаалал дийлэхгүй болон үйлдвэрлэл аж ахуйн газруудаас нийлүүлж байгаа бохир усны хэмжээ их байгаатай холбоотой. Ийм хүчин зүйлээс болж усаа бүрэн гүйцэт цэвэрлэж чадахгүйд хүрсэн. Цэвэрлэгээний төвшин 47-60 хувьтай байна. Тиймээс гаднын хөрөнгө оруулагч компани техник эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлыг хийж байна. Улсын төсвөөс найман тэрбум төгрөг гаргаж, холбогдох байгууллагууд хамтарч үнэрийг дарах болон зарим хэсэгт технологийн шинэчлэлт хийлээ. Гэсэн ч Биокомбинатын гүүрнээс Өндөр ширээт хүртэлх хэсэгт Туул голын бохирдол багасахгүй байна. Яагаад гэвэл, тэнд химийн хүнд элементүүд байгаа. Тиймээс нэгдүгээрт, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх. Хоёрдугаарт, олон жил болсон голын гольдролыг өөрчлөх, голд хуримтлагдсан лаг, шавар, химийн хортой бодистой хэсгийг цэвэрлэх шаардлагатай. Эдгээрийг шийдвэрлэхээр ажлын хэсгийнхэн төлөвлөж байна.

 

-Усны нөөцийг нэмэгдүүлэх болон бохирдуулахгүй байх зэрэг усаа хайрлан хамгаалах чиглэлээр ажиллахад хууль эрх зүйн орчин ямар байдаг вэ?

 

-Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулахад олон хууль бий. Тухайлбал, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгал татуургын ашиглалтын тухай хууль, Гол мөрний урсац бүрдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлж байна. Үүнийг дагаж гарсан 20 гаруй дүрэм, журам бий. Мөн Ус үндэсний хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баримтлах хэмжээнд ажиллаж байна. Эдгээр хууль, дүрмийг баримтлаад явахад усны нөөцийг хамгаалах, ашиглах ажлыг бодитой зохион байгуулах боломжтой.

 

-Туул голын ойр орчимд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд ус бохирдуулсных нь төлөө хуулийн дагуу хариуцлага тооцож, төлбөр ногдуулах бүрэн боломж бүрдсэн гэж харж байна?

 

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан. Гэтэл дагалдах журмыг одоо хүртэл гаргаагүй учир хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байгаа. Нөгөө талаасаа ус хэрэглэсэн бүхэн бохирдуулдаг учир энэ бүрээс төлбөр авахаар болж байгаа юм. Тиймээс ахуйн хэрэглээний зориулалтаар бохирдуулсан тохиолдолд төлбөр авахгүй байхаар журамд тусгах. Харин үйлдвэр, аж ахуйн газар бохирдуулсан тохиолдолд төлбөр ногдуулах. Харин ашигласан усаа дахин цэвэршүүлж ашиглавал, шинэ техник технологи нэвтрүүлбэл төлбөрөөс чөлөөлөх талаар тусгасан заалт бий. Тиймээс хуулийг дагалдан гарах журмыг энэ сард багтааж, Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр төлбөрийн хувь хэмжээ, аж ахуйн нэгжийн нэрс тодорхой болж, үүрэг хариуцлага ч нэмэгдэнэ. Тэр хэрээр усаа хайрлан хамгаалдаг болно гэсэн үг. Алт болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын нөлөөгөөр голын гольдрол, татмын 200 гаруй га талбай элэгдэл, эвдрэлд орсон байна.

 

-Бүх зүйлд цэвэр ус хэрэглэх нь усны хомсдолд ороход нөлөөлж буй нэг хүчин зүйл. Тиймээс сүүлийн үед их ярьж байгаа саарал усыг зам талбай угаах, ногоо байгууламж услах зэргээр ашиглах боломж бий юү?

 

-Саарал усны технологи, стандарт гарсан боловч одоохондоо манайд нэвтрээгүй. Яагаад гэвэл нэг метр.куб цэвэр ус тухайн үйлдвэрлэл үйлчилгээ, сав газраасаа хамаараад харилцан адилгүй үнэтэй. Тухайлбал, нийслэлд 1000 литр ус 300, үйлдвэрлэл үйлчилгээнийх 600 гаруй төгрөг байж жишээтэй. Гэтэл ашигласан усаа саарал ус болгож дахин хэрэглэх нь зардал өндөртэй байдаг. Тиймээс саарал уснаас илүү цэвэр ус ашиглах нь тухайн хүндээ ашигтай байгаа юм. Ингээд бодохоор цэвэр усны нөөцийг хамгаалахын тулд усны үнийг эргэж харах шаардлага мөн гарч байна. Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг бол манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн усны дундаж хэрэглээ даруй хоёр дахин их буюу 200- 230 литр байдаг. Гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж төвшнөөс 5-10 дахин бага буюу 6-8 литр ус хэрэглэж байна.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • (203.91.117.8)

    2016-11-04

    Энэ дарга нарт эх орноо гэх сэтгэлтэй хүн байгаа гэдэгт итгэхээ болиж байна да. ИТГЭЛТЭЙ ГЭХ ДАРГА НАР НЬ ЦАГАА ТУЛАХААР ИДЭХ ЮМ Л БОДОХ ЮМ БИЛЭЭ.

  • (59.153.112.203)

    2016-11-04

    ЗӨВ ШҮҮ

  • (43.242.243.3)

    2016-11-04

    Онгорсон зууны далаад оноос ярьсаар ганц далан ч босгож ч чадсангуй. Яасан ч ажил нь амандаа орчихсон тушмэдтэй, усны мэргэжилтнуудтэй арчаагуй улс вэ.онгоцоор явахад харахад бусад улс орон уулын жалга болгоны аманд хаалт босгож ус хуримтлуулан,газар тариалан ундандаа хэрэглэдэг юм билээ.Аягуй бол ярьж тосол хотолбор боловсруулсаар хэдэн тэрбумыг хусчихсан л байгаа

  • иргэн (66.181.188.110)

    2016-11-04

    Хан уул дүүргийн бохирын цооногууд ил хэвээр... том том бохир соруулсан машинууд ирж асгаад хөрс бохирдуулаад л яваад байх юм. Энэ ус нь гүний усанд нэвчигдэж л байгаа даа. Хөрс, ус, агаар мандал гурав бол цогц систем, хоорондоо холбоотой. Салгаж яриад утгагүй.

  • (150.129.141.251)

    2016-11-04

    сэлэнгэ биш эг дээр барина гээ биз дээ хоолны сав аа.

  • Бб (122.201.26.171)

    2016-11-04

    Сайхан сайхан юм ярьсаар сар жилийг бус зууныг үддэг монголчууд. Биднийг ийнхүү нүдний булай болж байхад Хятад, Вьетнам, Казакстан гээдл дэлхийн улс орнууд хөгжөөд талийваа хөөрхий.

  • алаг (103.23.51.17)

    2016-11-04

    гадагш урсгалтай голуудаас трубагаар дамжуулан говь руу шахаж хиймэл нуур үүсгэж болно шүүдээ дагаад цаг агаарч зөөлрөх... эерэг үзүүлэлт их гарна шүү судалж ярисаар олон жил боллоо

  • (202.21.96.18)

    2016-11-04

    Хурдан л ажил хэрэг болгомоор юм Мөн ч олон жил ярилаа даа. Дарга нар нь мөнгийг идчихээд гадаадад устай газар яваад өгнө биз дээ