Ойг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд тогтвортой менежмент явуулах хэрэгтэй
- 2017-03-21
- Байгаль орчин
- 0
-Ой модны салбар ДНБ-ий 16 хувийг үйлдвэрлэж байсан бол одоо 2.2 хувийг бүрдүүлж байна-
Олон улсын Ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрөөр ой модыг хамгаалах, сурталчлах өдөр болгон дэлхийн бүх улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тиймээс энэ жил уг өдрийг “Ой ба эрчим хүч” сэдвийн дор зохион байгуулж байна. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан БОАЖЯ, Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөрөөс эрдэм шинжилгээний хурал, боловсролын зөвлөгөөн, олон нийтэд зориулсан гэрэл зураг болон гар зургийн үзэсгэлэн зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнийг нэг нь өчигдөр болсон “Ойн тухай суралцахуй-албан ба албан бус боловсролд оролцогч талуудын зөвлөгөөн” юм. Тус зөвлөгөөнд нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөл, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгчид оролцов. Тэд албан болон албан бус боловсролын тогтолцооны хүрээнд хүүхэд, залуучууд, иргэдэд ойн талаарх мэдлэг боловсрол, хүмүүжил, түүнийг хэрхэн хамгаалах арга дадал хэрхэн олгож байгаа, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэв. Монгол Улсын тогтвортой хөгжилд боловсролын салбар гол үүрэг гүйцэтгэх учир чадварлаг боловсон хүчин бэлтгэх нь чухал талаар хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв.
1.7 сая га талбай бүхий ой түймэрт өртсөн
Ой мод нь дэлхийн нийт хүчилтөрөгчийн 40 гаруй хувийг ялгаруулдаг учир уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн чухал нөлөө үзүүлдэг байна. Тиймээс Монгол Улсын ойн салбарын бодлого, өнөөгийн төлөв байдлын талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Отгонсүрэн танилцуулсан юм. Манай улс дөрвөн томоохон баримт бичигт ойн бодлогын талаар болон энэ чиглэлд авч хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойлсон байдаг. Тухайлбал, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод ой устгахыг зогсоох, доройтсон ойг нөхөн сэргээх зэрэг хэд хэдэн чухал баримтлал тусгасан байна. Мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутгийн есөн хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ойн нөөцийн тогтвортой байдлыг хангах, хамгаалах, үр өгөөжтэй ашиглах, нөхөн сэргээх менежментийг сайжруулах, ойн талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх талаар тус тус тусгажээ. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 12.3 сая га орчим талбай буюу 7.78 хувь нь ой бөгөөд сая 500 орчим га талбай доройтсон аж. Үүнийг бодлогын баримт бичигт тусгаснаар 2030 он гэхэд есөн хувьд хүргэх юм байна. Мөн 1.7 сая га талбай бүхий ой түймэрт өртсөн учир тус талбайн хэмжээг 30 хувиар бууруулахаар төлөвлөжээ. Дөрвөн бүсэд хуваан тооллого явуулахад хэнтийн бүсийн талбай хамгийн их буюу 34.8 хувь нь түймэрт өртсөн болохыг тогтоожээ. НҮБ-ын ойн доройтол хомсдолоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах хөтөлбөрт нэгдэн орсон учир ХБНГ улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд ойн тооллогыг явуулжээ. Тооллогоос монгол орны ой өсөлт удааширсан, болц гүйцсэн, нөөцөөр ядмаг, ойг бага ашигласан, хамгаалах бодлого давамгайлсан зэрэг сөрөг, ой сэргэн ургах чадвар хангалттай сайн гэсэн эерэг дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн монгол орны ойн давуу болон сул талыг тодорхойлсон талаар яамны мэргэжилтэн дуулгалаа. Тэрбээр “Давуу тал нь ойн үндэсний тооллого хийсэн, төрөөс баримтлах ойн бодлого, хууль эрх зүйн орчин, ойн менежментийн төлөвлөгөө, гадаад хамтын ажиллагаа зэрэг сайн, энэ чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Харин сул тал нь байгаль цаг уур, газар зүйн байрлалаас шалтгаалан маш их эмзэг ойтой, түймэрт өртөмтгий, шавжийн хөнөөл их, ашиглалт бага, эдийн засгийн эргэлтэд ороогүй” гэлээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Холимог буюу навчит шилмүүст ойн тэнцвэртэй харьцааг бий болгох ёстой
-Таны илтгэлээс сонсоход манай орны ой нэлээд доройтсон юм байна. Үүнийг нөхөн сэргээхэд юунд анхаарах шаардлагатай вэ?
-Монгол орны нийт ойн ихэнх хувийг дан бүрэлдэхүүнтэй шилмүүст ой эзэлдэг. Ийм ойтой байх нь эдийн засгийн талаасаа ач холбогдол багатай бөгөөд энэ нь түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэхдээ амархан байдаг. Тиймээс цаашид ойг нөхөн сэргээхдээ холимог буюу навчит шилмүүст ойн тэнцвэртэй харьцааг бий болгох ёстой. Гэхдээ үүнийг зориудаар тарих биш өөрийнх нь сэргэн ургах чадварт нь үндэслэн ойн бүрэлдэхүүний зохицуулалтыг ургалтын шатанд нь хийх хэрэгтэй.
-Түрүүн та ойн тооллого явуулсан талаар ярихдаа манай улс ойг ашиглахгүйгээр хамгаалсан мөн эдийн засгийн эргэлтэд оруулаагүй нь сул тал болсон гэж тодотгож байсан. Ойг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах ёстой гэж үзэж байна вэ?
-1990-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжиж байгаатай холбогдуулан манай орны ойн салбар нэлээд хүнд цохилтод орсон. Салбарын бодлого, бүтэц алдагдаж, мэргэжлийн бүх сургалт зогссон. Ийм хүнд үетэй давхцан 2000-аад оны үед уур амьсгалын хуурайшилт эрчимжин улмаар түймэр, хөнөөлт шавьж олширсон. Мөн хууль бус үйл ажиллагаа нэмэгдсэн. Ялангуяа төв суурин газрын ойролцоо мод хулгайгаар бэлтгэх явдал гарах болсон. Ингэснээр ой нэлээд доройтолд орсон. Тухайн үед ойг ашиглахгүй хамгаалах нь зүйтэй гэсэн бодлого давамгайлж байв. Нийт ойн 60 гаруй хувийг болц гүйцсэн хөгшин ой эзэлдэг. Энэ нь ойд буруу менежмент, үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Улс орны эдийн засагт ойгоос олж буй үр ашиг бага. Зах зээлд шилжихээс өмнө ой модны салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувийг үйлдвэрлэж байсан бол одоо 2.2 хувийг бүрдүүлж байна. Тиймээс эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд ойг тогтвортой менежментэд оруулах ёстой. Энэ нь ашиг, нөөц тогтвортой байх ёстой гэсэн үг.
-Манай орны нийт ойн дийлэнх хувийг хөгшин болон хатсан мод эзэлдэг гэсэн. Салбар яамнаас ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлж буйн хувьд энэ талд ямар чиглэл баримталж байна вэ?
-Хөгшин буюу болц гүйцсэн гэдэг нь 200 орчим настай модыг хэлж байгаа юм. Ийм төрлийн мод хамгийн өндөр бүтээмжтэй наснаасаа хэтэрсэн гэсэн үг. Тиймээс тодорхой хэмжээний зөв менежментийг авч хэрэгжүүлэх учиртай. Манай улсын ойн нөөцийн 30 хувийг хуурай хатсан мод эзэлдэг. Болц гүйцсэн болон хуурай хатсан модыг бүгдийг нь цэвэрлэх ёсгүй. Учир нь зарим хатсан мод биологийн төрөл зүйлийг болон хөрсний эвдрэл гэмтлийг хамгаалж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлдэг. Хуурай хатсан мод нэг га талбайд арван метр кубээс дээшгүй хэмжээнд байхад дэлхий нийтэд тогтвортой харьцаанд байна гэж үздэг. Энэ чиглэлд ойртуулахын төлөө ажиллаж байна
Нийт нутаг дэвсгэрийн найман хувийг ой эзэлдэг нь том баялаг
Монгол орны UN-REDD үндэсний хөтөлбөрийн менежер Б.Хишигжаргал “Ой мод нь дэлхий нийтийн тогтвортой ирээдүйн үндэс мөн” гэсэн илтгэлийг танилцуулахдаа хүн төрөлхтөн ой болон түүний дагалдах баялгийг хэрхэн ашигладаг түүний ач холбогдлын талаар дурдлаа. Тэрбээр “экосистемийн үйлчилгээ ба ус, эрчим хүч, орон байр, амьжиргаа ажлын байр, бэлчээр хүнс, ойн дагалт баялаг, эрүүл мэнд ба амралт, соёл, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон түүний нөлөөг бууруулах зэргээр ойн салбар маш чухал ач холбогдолтой” гэв. Үүний дараа түүнээс манай улс цаашид ойг хэрхэн зүй зохистой ашиглах ёстой талаар тодруулахад “Ойн талаарх мэдээллийг цэцэрлэг, дунд болон их дээд сургууль зэрэг бүх төвшинд зөв өгч чадвал маш том үр дүнд хүрнэ. Тогтвортой хөгжлийн гол зорилго зорилтод хүрэхийн тулд боловсролын бүх төвшний байгууллагын оролцоо чухал юм. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн найман хувийг ой эзэлдэг. Энэ нь нийт нутаг дэвсгэртэй харьцуулахад бага мэт боловч заган ойг оролцуулахад 17-18 сая га байдаг. Энэ нь Солонгосын хойгтой эсвэл Европын 2-3 улс оронг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө. Ийм баялгийг бидэнд өвлүүлсэн байдаг. Ямар салбар хэр хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж дэлхийн дулааралд нөлөөлж байгааг судалж үзэхэд эрчим хүч дулааны үйлдвэрлэлийн салбар 25, ой, газар ашиглалтын өөрчлөлт 24 хувийг эзэлж байна. Тиймээс ойн салбартай холбоотой хүлэмжийн хийн ялгаралыг багасгаж чадвал дэлхийн дулаарлыг сааруулахад үнэтэй хувь нэмэр оруулна. Байгалийн гамшигт үзэгдэл нэмэгдэх, малын гоц халдварт өвчин гарах зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой. Тиймээс бид ойг хамгаалж, зүй зохистой ашиглаж чадвал тэр хэрээр хүлэмжийн хийг өөртөө шингээдэг” гэлээ.
Ойн мэргэжилтэн хангалтгүй байна
Энэ үеэр зөвлөгөөнд оролцогчид чиглэл тус бүрээр танилцуулга илтгэл тавилаа. Тэдний хэлснээр ойн талаарх багц мэдээлэл хомс төдийгүй энэ чиглэлийн хичээлийг боловсролын салбарын бүх төвшинд хангалтгүй хэмжээнд заадаг байна. Түүнчлэн ой модны ач тус түүнийг хэрхэн ашиглах, хамгаалах зэргээр нарийвчлан тусгасан ном, сурах бичиг хомс байдаг талаар дурдлаа. Мөн МУИС, ХААИС, ШУТИС зэрэг таван сургууль энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг хэдий ч элсэгчдийн тоо жилээс жилд буурч байгааг их, дээд сургуулийн төлөөлөл тодотгож байв. Тухайлбал, дээр дурдсан таван сургууль нийлээд жилд 300 орчим мэргэжилтэн бэлтгэдэг байна.
Тогтвортой хөгжлийн зорилтод хуурай газрын экологийн системийг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, ойн нөөцийн тогтвортой байдлыг хангах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг мөхөж устахаас сэргийлэх болон 2020 он гэхэд бүх төрлийн ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, ой устахыг зогсоох, доройтсон ойг нөхөн сэргээх, дэлхий дахинд ойжуулах, ойг нөхөн сэргээх үйл ажиллагааг үлэмж нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг аж. Үүний гол жолоодогч нь боловсрол хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид тодотгов. Тиймээс цаашид бүх шатны боловсролын салбарт энэ чиглэлийн хөтөлбөрийг тусгаж өгөх, мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байгаа талаар зөвлөлдөв.
Дашрамд дурдахад, REDD+ гэдэг нь ойн хомсдол болон доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн хамгаалал, тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх гэсэн утгатай үг аж.
Эх сурвалж: Монголын Үнэн
Сэтгэгдэл (0)