Д.Мөнхтамир: Тост, тосон бумбын нуруунд хоёр ашиглалт, долоон хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамираас цаг үеийн асуудлаар цөөн асуултанд хариулт авлаа. 

-Одоогийн байдлаар хичнээн тусгай зөвшөөрөлтэй компани үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Ашиглалтын 1574, хайгуулын 1962 тусгай зөвшөөрөл бий. Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0,8 хувийг эзлэж байна. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл нь 7,3 хувийг эзлэж байгаа.

-Лицезийн журмыг нь шинэчилсэн гэсэн.  Аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлөө хэрхэн яаж авах вэ?

-Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоход ашигт малтмалын хуулийн дагуу сонгон шалгаруулалтын журмаар олгогдож байгаа. Түүнчлэн өргөдлийн журмаар  олгогдож байгаа юм. Сонгон шалгаруулалтын журмаар бол хайгуулын тусгай зөвшөөрөл хэвийн явагдаж байна. Энэ жил 12 дахь сонгон шалгаруулалтаа хийж байгаа.

Харин 13 дахь нь зарлагдсан байгаа. Өргөдлөөр олгох талбайн хувьд цахимаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох өргөдлийг авч байна. Гэхдээ сайжруулах хоёр асуудал бий. Тодруулбал, зураг зүйн заалт нь давхцалтай гардаг зүйл нилээд байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд цахимаар олгогдож байгаа журмаа өргөдөл өгөхөөс тусгай зөвшөөрөл болох хүртэл бүгдийг нь цахим хэлбэрээр шилжүүлэх гээд ажиллаж байгаа. Ингэснээр зураг зүйн шүүлтэн дээр дахин давхцал гэсэн зүйл гарч ирэхгүй.  Учир нь манай санд хандаад уг хүссэн талбайн зургийг оруулахад тухайн талбайн давхцал гарч ирнэ. Харин авах боломжтой талбай нь цахимаар гараад ирэх юм. 

Дараагийнх нь асуудал бол орон нутгийн асуудал байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу орон нутгаас дэмжихгүй зүйл гардаг. Тэгэхээр манай уул уурхай яам болон ашигт малтмалын газраас орон нутгийн удирдлагуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч нартаа бүсчилсэн уулзалт хийж байгаа. Одоогоор хэд хэдэн аймагт уулзалтууд хийгээд явж байгаа. 

-Тусгай зөвшөөрлийг дотор нь төрөл, төрөлөөр нь ангилах боломжтой  юу?

-Ашигт малтмал болон цөмийн энергийн тусгай зөвшөөрөл гэж бий. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэсэн гурван төрөл байна. Харин газрын тосны хувьд гэрээт талбай гэж байгаа. Гэрээт талбай бол бусад талбайтай давхцаж байж болно. Учир нь өөр өөр ашигт малтмал ашигладаг болохоор тэгэж байгаа юм. 

-Тост, тосон бумбын нурууны тусгай зөвшөөрлийн асуудлыг хэрхэх вэ?

-Тост, тосон бумбын  нурууны   нөөц хил заагийгөнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар баталсан. Үүнээс өмнө нь улсын нөөцийн газарт аваагүй байсан. Ийм үед олгогдсон тусгай зөвшөөрөл бий. Тодруулбал, хоёр ашиглалт, долоон хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа. Одоогоор Засгийн газрын тогтоол манайд албан ёсоор ирээгүй байна. Тэгэхдээ 734 мянган га газрын хил заагийг тогтоосон байгаа. Үүн дээр хайгуулын долоон тусгай зөвшөөрөл бий.  Нийт нөхөн төлбөр нь 660 сая төгрөгийн нөхөн төлбөр олгодохоор байна. Яг хил заагийг нь тогтоосны дараа түтгэлзсэн байгаа тусгай зөвшөөрлийг цуцлах  болон нөхөн төлбөрийн асуудал яригдах байх. 

Б.Цэлмэг

www.unen.mn

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)