Туул голыг бохирдуулагчдыг илчлэх цаг болсон

 

        Монголчууд бид “Хатан Туулаа хамгаалья” гэж олон жил ярьж ирсэн боловч яг хамгаалж байгаа нь үгүй. Туул голыг бохирдуулж буй эхний эх үүсвэр нь магадгүй зун, намар голын усанд хувцас хунар, машин тэргээ угааж, хог тарьж буй “хэнэггүй” иргэд байв ч тэднээс их бохирдол хор уршгийг арьс ширний үйлдвэр нэртэй ААН-ийн нөхөд учруулдаг. Тэд голын усаар арьс угаах, хаягдал үүсгэх зэргээр шууд болон дам байдлаар бохирдуулж байгааг бид мэддэггүй.

 

Өнөөдөр нийслэл хотын ойр орчим арьс шир боловсруулах 39 үйлдвэр ажиллаж байна. Энэ бол Монголын арьс шир боловсруулах үйлдвэрийн холбооны албан ёсны тоо. Албан бусаар бол 140-өөд жижиг, дунд үйлдвэр ажиллаж байна. Социализмын үед Аж үйлдвэрийн комбинат гэж байхад Арьс ширний нэгдлийн үйлдвэр гэсэн цогцолбор ажиллаж байсан. Цогцолборын нэг гол үйл ажиллагаа нь арьс шир, эсгий, гутал үйлдвэрлэх явцад гардаг өндөр бохирдолтой усыг тунгааж цэвэрлэх байгууламж руу явуулдаг байв. Нийгмийн өөрчлөлтын явцад цогцолбор дампуурч 1994-1996 оноос өнөөх үйлдвэрүүд нийслэл хотоор нэг тарж үйлдвэрийн бохир ус ихэссэн. Арьс ширнийх дээр өлөн болон ноос, ноолуурын үйлдвэр цехүүд нэмэгдэж, эдгээр нь технологи ажиллагаандаа 30 гаруй төрлийн химийн бодис хэрэглэж байна. Энэ нь сульфат натри, хромын сульфат, аммоний хлорид, сульфат аммони, техникийн сод, хүхрийн болон шоргоолжны хүчил зэрэг хөрс, ус, агаарт, хүнд хор хөнөөлтэй, байгальд удаан задардаг химийн бодисууд юм. Тухайлбал, сульфат натрийг (цагаан өнгөтэй, усанд уусгадаг бодис) арьс зумлах, идээлэхэд хэрэглэж, шимэгчээс сэргийлдэг. Мөн хүхэрт натри (хүрэн улаан өнгөтэй, том ширхэгт талст байдалтай) байна. Энэ бодисыг хүн барих юм уу амьсгалахад толгой өвдөх, бөөлжих, амьсгал давхацдаг. Их хэмжээгээр хордсон тохиолдолд хүн, амьтан малыг үхэлд хүргэдэг. Ийм аюултай бодисыг өнгөрсөн онуудад долоон тонн орчмыг хилээр оруулж ирж байсан бол 2016 онд химийн энэ бодисын хэрэглээ 10 тонн болтлоо нэмэгдсэн байна. Энэ нь тэр хэрээр арьс ширний боловсруулалт дахь химийн бодисын хэрэглээ ихэсч, Улаанбаатар хотын хөрс, агаар, үйлдвэрт ажиллагчид хордож байна гэсэн үг. Мөн илчлэх цаг болсон хромын сульфат байна. Арьс шир идээлэх, будаг тавих гадаргууг боловсруулахад хэрэглэдэг, ногоон өнгөтэй, үнэргүй энэ нунтаг бодис амьсгалын замаар дамжин хүнийг толгой өвдөх, чих шуугих, мөгөөрсөн хоолой болон арьс гэмтээж, гэдэс ходоод, харшлын өвчин үүсгэдэг. Ийм хор хөнөөлтэй бодисыг өнгөрсөн онд улсын хилээр 5-6 мянган тонныг оруулж ирсэн нь өмнөх жилийнхээс хоёр мянган тонноор нэмэгдсэн гэдгийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн ахлах байцаагч С.Цэрэнчимэд хэлж байна. Нийслэлийн МХГ-аас шалгалт хийхэд Төв аймгийн Алтанбулаг сумаас доош 60 км хүртэл жилийн аль ч улиралд усны өөрөө цэвэршилт ажиглагдаагүй байна. Мөн эрүүл зүйн химийн болон нян судлалын гол үзүүлэлтээр хамгийн их бохирдолттой ангилалд хамаарчээ.

 

Туул голын усны бохирдлын төвшинг тогтоох зорилгоор жил бүр МХГ-ын төв лабораторид хими, нян судлалын 20-23 үзүүлэлтээр шинжилгээ хийж байгаа. Өнгөрсөн жил Туул голын доод хэсгээр усны хатуулаг, кальц, магнийн агууламж, хуурай үлдцийн зэрэг эрдэсжилтийн хэмжээ нэг дахин багассан дүгнэлт гарчээ. Мөн гадаргын усны чанарын шалгуур үзүүлэлттэй харьцуулахад усны исэлдэх чанар Туул голын доод хэсэгт /Сонгиноос Алтанбулаг хүртэл/ нормоос 4-6 дахин, бусад хэсгээр 2-3 дахин их, ууссан хүчилтөрөгчийн хэмжээ голын доод хэсэгт байх ёстой хэмжээнээс 2- 3 дахин бага, бусад хэсэгт нормын хэмжээнд байсан аж. Эрүүл зүйн нян судлалын үзүүлэлтээр нянгийн нийт тоо стандартад заасан нормоос Налайх орчимд долоо дахин, Туул голын доод хэсгээр 47-70 дахин их, гэдэсний савханцарын тоо 10- 100 дахин их, Алтанбулаг сумын орчимд эмгэг төрөгч нян буюу салмонела тус тус илэрсэн байна. Туул голын усанд хийсэн шинжилгээгээр биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ хаягдал устай нийлэхийн өмнө 0.92 мг/л байсан бол, Сонгинын гүүрийн орчимд “Усан орчны чанарын үзүүлэлт” MNS 4586:98 стандартад заасан нормоос 6.4 дахин, Алтанбулагийн орчимд 59.7 дахин, исэлдэх чанар 5-6 дахин их байжээ. Ус бохирдуулах, цэвэрлэх байгууламжийн ачааллыг ихэсгэхэд нөлөөлж буй гол шалтгаан нь арьс шир боловсруулах болон ноос угаах, өлөнгийн цехүүдийн ялгаруулж буй бохир ус юм.

 

Энэ бүх хор хөнөөлөөс салж Туул голоо эхний бохирдлоос хамгаалах хоёрхон арга бий гэдэг. Эхнийх нь арьс ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргах. Уг нь энэ талын тогтоол УИХ-аас 2012 онд гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй таван жил болчихож. Харин энэ удаагийн УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Өргөдлийн байнгын хороо ажлаа тайлагнасан мэдээллийн хурал дээр тус байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн Ч.Оюунчимэг, А.Сүхбат нар (эдгээр төрийн түшээд нь иргэдийн өргөдлийн дагуу Туул голын бохирдлыг шалгах Ажлын хэсэг байгуулан гишүүнээр ажиллаж байгаа юм) арьс ширний үйлдвэрүүдийг энэ оны аравдугаар сарын 31-ний дотор Улаанбаатар хотоос гаргаж УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаа мэдэгдээд байна. Дээр доргүй хичээвэл парламентын тогтоол хэрэгжих учиртай. Ингэж чадвал хатан Туулын бохирдлын эхний үүсвэр хумигдах юм. УИХ- ын тогтоол өнгөрсөн хугацаанд яагаад хэрэгжээгүй юм гэхээр арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргахад эхлээд нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн “шалтаг” ч юм шиг шалтгааныг хэлдэг байлаа. Ингээд эхлээд тэднийг Эмээлт өртөө рүү “хөөж” тэнд төвлөрүүлэх гэж бүр гадаадаас эксперт урьж авчирч, зөвлөгөө авч байсан үе саяхан.

 

Гэвч Эмээлт нь хотод ойрхон оршдог учир малын гаралтай элдэв халдварт өвчин гарвал нийслэл рүү орж ирэх эрсдэл магадлал өндөртэй, Эмээлтэд суурьшлын бүс бий болж буй учир ямар ч ялгаа алга гэдгээр больж, сүүлдээ үйлдвэрүүдийг Дархан- Уул аймгийн бүсэд нүүлгэх талаар ярьж эхэлсэн. Тэнд нь цахилгаан, зам тавих зэргээр үйлдвэрлэлийн дэд бүтцийн нөхцөлийг бүрдүүлж байгаа гэх.

 

Энэ талаар Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга П.Болдбаатар “Өнөөдрийн байдлаар манайд нийлүүлж байгаа нийт бохир усны 40 орчим хувь нь үйлдвэрүүдийн хаягдал ус байгаа. Арьс ширний үйлдвэр зөвхөн гүн бохирдолтой ус биш, өвдөл цөвдөл хог ихтэй ус гаргадаг. Энэ нь эвдрэл үүсэх гол шалтгаан болж байна. Ер нь арьс ширний болон ноос угаах, өлөн боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах шаардлагатай. Гэтэл энэ асуудлыг бараг 10 жил ярьж байна. Нийслэлийнхэн, мэргэжлийн хяналтынхантай хамтраад үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг ч хангалттай үр дүн гарахгүй л байна. Түүнээс гадна “Харгиа” цэвэрлэх байгууламжаар дамжилгүй шууд манайх руу бохироо нийлүүлдэг арьс ширний үйлдвэр цөөнгүй бий. Хэдийгээр дээрх үйлдвэрүүдэд бохироо стандартын дагуу цэвэрлээд нийлүүл гэж үүрэг даалгавар өгдөг ч хангалттай үр дүн гардаггүйг нуугаад яахав. Тэдний нийлүүлж буй бохирт мэргэжлийн хяналтынхан хяналт тавьдаг ч өнөөдрийг хүртэл асуудал бидний хувьд нэн тулгамдсан сэдэв хэвээр л байна гэсэн” юм. Тэгвэл Усны газрын орлогч дарга асан З.Батбаяр “Үйлдвэрийн бохир усны асуудлаар өнөөдөр дуугардаг хүн алга. Ус сувгийн удирдах газар, Төв цэвэрлэх байгууламжийнхан чимээгүй байдаг. Мэргэжлийнх нь хувьд бус асуудлаа ярьдаггүйд гайхдаг. Яагаад үйлдвэрүүдээс ирж байгаа уснаас болж Туул гол бохирдож буйг зоригтой хэлдэггүй юм бол. Энэ бүхний цаана энэ хоёр байгууллагаас гадна Засгийн газар, хэдхэн том компанийн эрх ашигт захирагдчихсанд л асуудал байна. Өнөөдөр УСУГ ямар байгууллагаас хэр хэмжээний төлбөр авдгаа зарлах ёстой. Бохир усны төлбөрт “АПУ”, “Эм Си Эс”, арьс ширний үйлдвэрүүд хэдийг төлдгийг гаргаад ирэх хэрэгтэй” гэсэн. Тэгэхээр Туул голоо тунгалаг, цэвэр байлгах хоёр дахь арга зам нь голын бохирдолд мөн голлох нөлөөтэй байдаг Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих явдал юм. Энэ талаар мөн хэдэн жил ярьсны хүчинд энэ онд багтаан барилгын ажлыг эхлүүлэхээр төр, засгаас шийдээд байна. ТЭЗҮ нь бэлэн болсон энэ байгууламжийн өртөгт төсөв нь 300 сая ам.доллар. Төр, засгийнхан дээрх ажлыг энэ оноос эхлүүлэн эрчимжүүлж 2020 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаа мэдэгдээд байна.

 

Ингээд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргаад, хайрга дайрганы карьеруудын үйл ажиллагааг зогсоогоод (ийм шийдвэр мөн төр, засгаас гарсан) цэвэрлэх байгууламжаа шинээр барьчихвал хатан Туулын маань бохирдлын эхний эх үүсвэрүүд үгүй болох юм.

 

Д.Мөнхжаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (66.181.184.40)

    2017-04-15

    Ene odoo yu we.Yo.yo.

  • (202.131.245.26)

    2017-04-14

    бид бүхэн дэндүү арчаагүй амиа бодсон, хэдэн халтар мөнгөнөөс болж, ус, ан амьтан, ой модгүй болж, эцэс сүүлд нь хүн хүнээ барьж идээд дуусах байхдаа гутамшиг бид хаана амьдараад байна аа

  • зочид (122.201.25.46)

    2017-04-14

    Энэ зургийг тавьсан эрхэм буруу ойлголттой амьдарч байна даа.Туул гол руу цутгаж байгаа юм биш ээ хүмүүс минь, энэ бол үнс хуримтлагддаг үнсэн сан юм шүү Д.Мөнхжаргал аа чи андуураад эндүүрээд л байна даа чи юмны учрыг маш сайн ойлгож,тунгааж,зөв шийдвэр гаргаж байгаарай баярлалаа.